Өлсгөлөн зарлагсад Ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлагсад Ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны өлсгөлөн зарлагсадтай өнөөдөр уулзлаа. Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэдийн оролцооны зөвлөх хатагтай Ч.Сосормаа “Та бүгдийн эрүүл мэнд юу юунаас илүү чухал. Иймээс эрүүл мэндээ золиослохгүй байхыг хүсье” гээд “Та бүхний тавьж байгаа санал, асуудал тодорхой байх хэрэгтэй байна,  бид маш сайн ажиглаж байгаа. Та бүгдийн үгийг Ерөнхийлөгчид уламжилж, зөв гарц, зөв шийдвэрт хүрэх арга замыг хайх болно” гэлээ. Харин өлсгөлөн зарлагчид зөвлөхөөр нь дамжуулж хэлэх үгээ хүргэлээ.”Ерөнхийлөгч та  ард түмэнтэйгээ хамт байна, шударга байна гэж байнга ярьдаг. Тиймээс Ерөнхийлөгч та энэ удаа ард түмнийхээ талд байгаа гэдэгт найдаж байна. Танд аливаа зүйлийг санаачлах эрх, боломж  хангалттай байна. Ард түмний санал асуулгыг хуулийн дагуу, зөв шударга явуулахад шийдвэртэй алхам хийхийг хүсч байна. Өөрийн биеэр  бидэнтэй ирж уулзахыг шаардаж байна. Бид нэр төр хөөцөлдөж, өөрсдийн эрх ашгийн төлөө өлсгөлөн зарлаагүй. Тогтвортой, шударга, ард түмэндээ ээлтэй төртэй байж,  иргэд нь эх орондоо зочин биш жинхэнэ иргэн нь болж амьдрах боломжийг бүрдүүлсэн нийгмийн төлөө зүтгэж байна” гэв.
Өлсгөлөн зарлагсад өөрсдийн  хүргүүлсэн дөрвөн зүйл шаардлагыг сайн уншиж танилцахыг хүсч байгаа юм байна. Өлсгөлөн зарласан иргэдийн  биеийн байдал хэвийн байгаа ч зарим нь  1,5-3,5 кг жин хассан аж.  Харин гадаа суулт хийж байгаа  20 гаруй иргэдийг гэр барихыг Хотын захиргаа зөвшөөрөхгүй байгаад тэд бухимдаж байлаа.
Ч.БАТМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж