Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин Дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай тамирчинтай адил хэмжээний мөнгөн урамшуулал авах нь учир дутагдалтай гэж үзсэн байна. Иймээс Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулах саналыг уламжлахаар боллоо.
Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхэлнэ. Харин тухайн тамирчин нас барсан тохиолдолд гэр бүлийнх нь хүсэлтээр нэг жилийн мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор зарлигийн төсөлд тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 47 тамирчин Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байна.