Энэ дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая төгрөг хүртэх бол С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөгийн шагнал авах боллоо. Гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэн төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм.
Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир нарт Засгийн газар өмнө нь мөнгөн шагнал олгосон. Зуны ХХХ олимпод манай улсын 29 тамирчин оролцон 2 мөнгө, 3 хүрэл медаль, 2 шагналт байртайгаар 56 дугаар байрт орсон бөгөөд анх удаа 5 медаль хүртсэн билээ.
Засгийн газрын хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох талаар Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө тусгасан байна. Тухайлбал, Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг өгч байхаар тусгажээ.
Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин Дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай тамирчинтай адил хэмжээний мөнгөн урамшуулал авах нь учир дутагдалтай гэж үзсэн байна. Иймээс Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулах саналыг уламжлахаар боллоо. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхэлнэ. Харин тухайн тамирчин нас барсан тохиолдолд гэр бүлийнх нь хүсэлтээр нэг жилийн мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор зарлигийн төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 47 тамирчин Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байна.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо манай улсад энэ сарын 22-25-ны өдрүүдэд айлчлах гэж байна. Дай Бингуо нь энэ онд БНХАУ-ын талаас манайд айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа бол манай улсын хувьд шинэ УИХ, Засгийн газар бүрдсэний дараа анхны өндөр түвшний зочноо хүлээн авах юм. Дай Бингуо нь Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхана.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуогийн айлчлал нь хоёр орны хоорондын өндөр түвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын шийдлийг урагшлуулах, олон улс болон бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцон стратегийн түншлэлийн харилцааны агуулгаа баяжуулах, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.