Цэргийнхний эсрэг төрийн эргэлт

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Цэргийнхний эсрэг төрийн эргэлт

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси Батлан хамгаалахын сайд Хусейн Тантави ба Жанжин штабын дарга Сами Анана нарыг огцруулав. Үүний хамт тэрээр цэргийн дээд удирдлагад өргөжүүлсэн бүрэн эрх өгсөн Үндсэн хуулийн тунхагийг хүчингүй болголоо. Ийм маягаар исламист Мурси хэний ч хүлээгээгүй цэргийн эсрэг жинхэнэ эргэлтийг хийж чадлаа.

Өнгөрсөн жилийн эхээр Хосни Мубаракийг буулгаснаас хойш засгийн эрхийн төлөөх тэмцэл Египетэд тасраагүй юм. Гол сөргөлдөгч талууд нь парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан исламистууд ба тэдний эсрэг зогсч байсан цэргийн дээд удирдлага байлаа. Исламистууд ярихдаа иргэдийнхээ ихэнхийн дэмжлэг авсан хуулийн дагуух засаг гэдэг. Цэргийнхэн нь иргэнийг төрийг хамгаалагч, шашны дэглэм гаргахгүйн төлөө зогсч байгаа гэдэг.

Үнэн хэрэгтээ бол хэрэг явдал арай өөр. Хэдэн арван жилээр өөрсдийн гарт хөрөнгө ба засгийг барьж байсан генералууд аль алинаас нь хагацахыг хүсээгүй. Шашинд ухаангүй шүтдэг бусдынхаа адил исламистууд “хуваалцах” хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаа. Эхний ээлжинд өөрсдийгөө тэд тавьж буй нь мэдээж. Эдгээр байр суурины мөргөлдөөн Египетийн удирдлагын дунд олон тооны дуулианд хүргэж байлаа. Цэргийнхэн египет нийгэмлэгтээ онцгой үүрэгтэй байхыг маш ихээр хүсч байснаас дээр хэлэгдсэн Үндсэн хуулийн  тунхаглалаа бичин хэрэгжүүлсэн байв. Товчоор хэлбэл тэр нь төсөв бичихээс гадна цэргийнхнийг дархлах хүртэл янз бүрийн эрхээр ханган ерөнхий хуулиас тэднийг дээгүүр тавьсан байлаа.

Исламистууд нь мөн л засаг барих өөрсдийн эрхийн төлөө тэднээс дутахгүйгээр тэмцэлдэж байв. Тэмцэл нь олон тооны шүүхдэлт, эсрэг талынхаа гаргасан шийдвэрийг өөрчлөх, хуулийг гажуудууллаа гэж бие биенээ буруутгах гээд л янз бүрийн арга барилаар илэрч байв. Хэдэн сарын турш харилцан сөргөлдөж байсны оргил нь өнгөрсөн ням гаригийн ерөнхийлөгчийн цохилт болов. Тэрээр Батлан хамгаалахын сайдаа, жанжин штабын дарга ба Нисэх хүчин, Тэнгисийн цэрэг, Хуурай замын цэрэг (арай өмнөхөн) ба Тагнуулын албаны дарга нартай нь цуг огцруулан цэргийнхнийг нокаутад оруулсан хэрэг болов. 

Синайн хойгийн террористууд үүний өмнө Израилийн хилийн орчим өчүүхэн дайн өдөөн Мохаммед Мурсид багагүй тус болсныг хэлэх хэрэгтэй. Тэр хямралтай үр дүнтэй, шуурхай тэмцэж чадаагүй дээд генералуудаа тэтгэвэртээ гарахыг гуйх ёс зүйн шалтгаан төрийн тэргүүнд гарч ирсэн юм. Мурси шуурхай, шийдвэртэй хөдлөн чөлөөлөгдсөн байруудад өөрийн талын хүмүүсийн тавилаа. Цэргийн шинэ удирдлага нь залуу генералууд. Мурси өөрийн томилолтоороо байдлыг харах стратегийн муугүй чадвартайгаа харуулав.

Ингээд, Батлан хамгаалахын шинэ сайдаар Египетийн Цэргийн дээд зөвлөлийн (хувьсгалын дараах Засгийн газар) хамгийн залуу генерал 57 настай Абдель Фаттах аль-Сиси томилогдов. Тэр нь улс төрийн идэвхтэй либералууд ба исламистуудын дэмжлэгтэй, Тахрирын талбайн хайртай хүн юм байна. Хувьсгалын үеэр тэр жагсагчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын тухай ярин тэднийг  шууд нээлттэйгээр дэмжжээ. Мөн тэрээр Цэргийн дээд зөвлөл дотроо Мубаракийн үеийн тагнуулын албыг толгойлж байсан ихээхэн шуналтай, зарчимгүй гэсэн алдар нэртэй, Израиль, АНУ-тай нягт холбоотой байсан гэх Омар Сулейманыг  засгаас зайлуулахын төлөө байжээ.

Ерөнхийлөгчийн үзсэнээр шинэ сайд нь Мурсигийн карьерыг цэцэглүүлсэн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний талын хүн гэгддэг давуу талтай гэнэ. Исламистуудын хувьд тэр цэргийнхэн дунд байгаа “өөрийн хүн” нь ажээ. Жанжин штабын даргаар харьцангуй залуу генерал 56 настай Сидки Собхи Сайед томилогдов. Тэрээр Синайн хойгт байрлах Египетийн байлдааны хамгийн чадвартай гэгдэх 3-р армийг өмнө нь командалж байжээ. Энэ хүнд хоёр давуу чанар байгаа аж. Нэгдүгээрт, түүний ард бүхэл бүтэн арми байгаа нь конторын генералуудын дэргэд түүнийг жинтэй болгодог. Хоёрдугаарт, тэр Синайн хойгийн олон тооны шейхуудтай нөхөрлөдөг нь хойгийн асуудал хурцадвал хэрэг болно.

Бусад томилгоонууд нь ч Мубаракийн үеийн Хусейн Тантави тэргүүтэй хөгшин ч чанга генералуудын “атганд байсан” залуу офицерүүд ажээ. Египетийн ерөнхийлөгч “залууст” зам цэвэрлэснээр тус орны цэргийн дээд удирдлагыг сөргөлдөгчөөс өөрийн хамтран зүтгэгчид болгож чадлаа. Сиси, Сайед ба бусад нь тэднийг дэвшихэд хэн татсаныг сайн мэдэж байгаа.

Үүнээс гадна Египетийн армийн шинэ удирдлага нь өмнөх дэглэмтэй нягт холбоотой байсан гэж египетчүүдийн нүдэнд харагдсан Тантавийн “хуучин гвардийнхантай” сулхан холбогдсон байгаа. Тийм ч учраас ард түмэн нь Тахрирт дахин цугларч ерөнхийлөгчийнхөө шийдвэртэй ухаалгийг шагшин магтлаа.

Өөрийн амжилтаа бататгахын тулд Мурси бас нэг гэнэтийн алхам хийж дэд ерөнхийлөгчтэй болов. Шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэж алдаршсан шүүгч асан Махмуд Мекки тэр тушаалыг авчээ. Энэ томилгоо нь хөгшин генералуудын нөлөөнд хэвээр байгаа шүүхийн системийн зүгээс ирж магадгүй таагүй явдлаас  ерөнхийлөгчийг хамгаалах зорилго агуулжээ.

Ийнхүү засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч нараасаа салсан Мурси фараоныхаас дутахааргүй их эрх мэдэл авав.  Тэр одоогоор “Ра бурханы хүү”, “Хоёр нутгийн эзэн” мэтээр фароан шиг өөрийгөө зарлаагүй ч тийшээ явж байгаа бололтой. Ерөнхийлөгчид хүндэтгэлтэй хандсангүй гээд сэтгүүлчийг мөрдөн мөшгөөд эхэлсэн байна лээ.

Үйл явдал ийнхүү эргэж буйд түгшсэн либерал нийгэмлэг нь одоо исламистуудаар Үндсэн хуулиа бичүүлэхгүйн төлөө бүхнийг хийхээр мэдэгдэж буй. Нэг талаасаа тэдний боломж эрс доройтсон. Мурси ерөнхийлөгч, өмнө тараагдсан парламентын депутатууд нь түүний хань хамсаатан, арми одоо түүний холбоотон болоод байна. Гэхдээ Тахрир-2011 нь египетчүүдэд  дэглэм нь хатуу байх тусам дотроо өмхөрсөн байдаг гэдгийг сургаж өгсөн. Тийм дэглэмийг  нийлж байгаад унагаж болдог. Ер нь бол хувьсгалын шууд бүтээгдэхүүн нь болох Мурси түүнийг бүхнээс илүүтэй мэдэх учиртай.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж