Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ирээдүйн хунгууд

-Бяцхан оддын балетын сургалтын нэг өдөр-

Дэрвэгэр хормойтой балетын хувцас өмссөн жаахан охид нааш, цааш сахилгагүйтэн гүйлдэнэ. Охид дөнгөж дөрвөн настай. Тэд хэдэн жилийн дараа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дүүлж байж магадгүй. Яг л театрын хун-Б.Саруул, тариачин охин Жизель-Г.Цолмон, эрэмгийн хүчирхэг Зарема-Г.Батчимэг, нойрсож буй гүнж Аврора-Ч.Ганчимэг шиг үзэгчдийн хайртай бүжигчид болох байх.

Сүхбаатар дүүрэг, МУИС-ын Эдийн засгийн сургуулийн урд байрлах "Монро Импекс" компанийн байранд байрлах “City ballet” сургууль нь хүүхдүүдийг дөрвөн наснаас нь эхэлж балетын үндсэн хөдөлгөөнүүдийг зааж, сургадаг байна. Балетчин, балетын багш Б.Энхтуул бяцхан охидод эхлээд хөдөлгөөн гэхээсээ илүү хөгжим сонсгож сургадаг байна. Энэ сургуульд дөрвөн наснаас эхлээд л насанд хүрэгчдийн анги хүртэл байдаг юм билээ. Дөрвөн настай бяцхан бүжигчид зөвхөн амралтын өдрүүдэд, нэг ангид найман хүүхэд л хичээллэдэг.
Дэрвэгэр хормойтой балетын хувцас, чийшк, цагаан тирко өмсч, үсээ дээшээ боосон охид яг л балетын бүжигчид шиг цэх зогсоно. Хичээл орохын өмнө бяцхан бүжигчид бие халаалт хийж заалыг тойрч гүйж, хөөцөлдөн тоглоно. Багш нь тэднийг “Миний хөөрхөнүүд” гэж өхөөрдөн дууддаг. Хүүхдүүд ч багшдаа хайртай, тэд балетынхаа хичээлд явья гэж өдөр болгон “шаналгадаг” гэж аав, ээж нь багштай нь ярилцана. Үнэхээр ч балетынхаа хичээлд дуртай нь харагдаж байсан. Бүжгийн зааланд орж ирээд л, том толинд өөрсдийгөө харж өлмийгөө жийж, гараа дээш өргөн, эргэлдэн бүжиглэж эхэлнэ. Тэд П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын хөгжмийг андахгүй сайн мэднэ. Хөгжим эхлэв үү үгүй юу, өлмий дээрээ зогсч доороо эргэн бүжиглэж өгнө. Яг л олон үзэгчдийн өмнө нь тайз дээр итгэл төгс бүжиглэж байгаа мэт. Дэндүү жаахан хэрнээ ихэмсэг, харц гарган, хүзүүгээ сунгаж, толгойгоо дээш өргөн багшийн хийсэн хөдөлгөөн бүрийг алдалгүй дагана, ирээдүйн хунгууд.

Хорин минут хэртээ бүжиглэсний дараа багш хүүхдүүдэд амралт өгнө. Амралтын жаахан хугацаанд тэд бие биетэйгээ хөөцөлдөн гүйнэ. Эсвэл төгөлдөр хуурын өмнө очиж толинд өөрийгөө харан бүжиглэж, үсэрч, харайн ер зүгээр байхгүй. Нэг л мэдэхэд заалны баруун талд гарчихсан харайж явна, эсвэл заалны голд байрлах баганыг тойрон бүжиглэнэ. Бяцхан бүжигчид дунд ягаан даашинзтай бяцхан охин бусдаасаа илүү хичээж байгаа нь харагдаж байв. Багшийн хэлсэн бүхнийг анхааралтай сонсч, толинд өөрийгөө харж бүжиглэнэ. “Багшаа намайг хараарай” гэж байгаа юм шиг бусдаасаа түрүүнд гарч ирэн багшийнхаа урд бүжиглэнэ. Охид зураг авахуулах их дуртай. Аппарат гаргаж ирэв үү, үгүй юу балетын бүжгийн хөдөлгөөнөө хийгээд л, харц нь “чухал” болоод л ирнэ. Жаахан хэрнээ биеэ даасан мундаг охид.

Номин охин гэнэт уйлж багшийгаа сандаргана. Ээж эмээ хоёр нь харагдахгүй болохоор. Номин өөрийг нь хаяад явчихаж гэж бодож айж л дээ.  Гэсэн балетдаа дуртай учир уйлсан хэрнээ бүжгээ үргэлжлүүлэн бүжиглэнэ. Бяцхан бүжигчдэд иймэрхүү “хөгжилтэй” явдал зөндөө тохиолддог гэсэн.

Дөрвөн настай бүжигчдийн хичээл 45 минут үргэлжилдэг. Хичээл тарсан ч хүүхдүүд хувцсаа солих дургүй байв. Тэд багшдаа “Багшаа надад Барбиний жинхэнэ хумсны будаг байгаа” хэмээн гайхуулан ярина. “Энийг хараа” гээд л өлмийгөө жийж багшдаа харуулна.
Харин дараа нь таван настай хүүхдүүдийн балетын хичээл эхэлнэ. Өнөөдөр энэ ангид шинээр нэг охин иржээ. Анх удаа балетын хичээлд явж байгаа учир биеэ барьж, жаахан ичингүйрнэ. Гэсэн ч үеийнхээ хүүхдүүдтэй ярьж, хэсэг хугацааны дараа тэднээс суралцаж, бие халаалтаа хийж эхлэв. Таван настнууд дөрвөн настай хүүхдүүдийг бодвол хөдөлгөөн бүрээ илүү цэвэр, нямбай хийнэ. Тэд дэлхийн хшилдэг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын алдарт хунгийн бүжгийг хийнэ. Дөрөв, дөрвөөрөө эгнэж зогсоод л… Нэг нь зөрөнгүүт нэг нэгнээ загнах таван настнууд. Тэд илүү чармайж, мэргэжлийн бүжигчид шиг бүжиглэхийг хичээнэ. Ганцхан насны зөрүү  

Энэ сургуульд сонгодог урлагт хорхойтой үзэгчдийн хайртай бүжигчин, А.Аданы “Жизель” балетын тариачин охин Жизелийн дүрээр олонд танигдсан УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Цолмон, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын ханхүү Зигфрид, “Нойрссон гүнж”-ийн ханхүү, Э.Чойдог “Чойжид дагина” балетын Бурханы дүр гээд олон балетад гоцолж байсан залуу балетчин М.Од нар багшилж, ирээдүйн бүжигчдийг бэлтгэдэг байна. Хүүхдүүд балетынхаа хичээлд явах гэж бямба, ням гаригийг тэсэн ядан хүлээдэг гэсэн. Тэд ирээдүйн “Хунт нуур”-ын хунгууд.  

М.Дөлгөөн

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж