Иймээс хууль батлагдсанаар Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Овооттолгойг эзэмших саналаасаа ухрах болов уу гэсэн таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлээд байсан юм. Гэвч “Чалко” өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “Саутгоби”-ийн 60 хувийг 900 гаруй сая ам.доллараар худалдаж авах төсвийг баталсан нь байдал эсрэгээрээ эргэж болохыг сануулсан хэрэг байлаа.
Харин “Саутгоби Ресорсез”-ийн Ерөнхий захирал Александр Молиней хэвлэлийнхэнд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Чалко” болон тус компанийн гол хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources буюу “Айвенхоу Майнз” уг худалдааны хэлцлийг урагшлуулах тухайд ямар ч урагштай алхам хийхгүй байгааг мэдэгджээ. Иймд тэрээр “Чалко” “Саутгоби Ресорсез”-ийг эзэмших саналаасаа ухарсан гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ тайлбараа зөвхөн өөрийн санал бодол гэдгийг онцолжээ.
Гэрээнд зааснаар бол “Чалко”-гийн “Саутгоби”-г худалдаж авах санал ирэх сар хүртэл хүчинтэй хэвээр байх юм. “Чалко”-гийн хувьд Овооттолгой бол үнэ ханш, газарзүйн байршил зэрэг олон талын ач холбогдолтой “шар тос” юм. Дээр нь “Чалко”-гийн ард Хятадын төр байгаа учир Овооттолгойг эзэмших зорилгоосоо тус компани тийм ч амархан ухрахгүй байж болох юм. Тун удахгүй Хятад, Орос хоёр гүрэн стратегийн долдугаар яриа хэлэлцээрээ эхлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Dai Bingguo тэргүүтэй төлөөлөгчид Орост айлчлал хийх үеэрээ уг яриа хэлэлцээрийг хийх юм. Тэрбээр Орост хийх айлчлалынхаа дараагаар Монголд айлчлах ажээ. Түүний айлчлал энэ сарын 19-25-ны хооронд үргэлжлэх юм байна.
Б.Төгс