Уурхай одоогийн байдлаар 700 гаруй ажилтантай, тэдний амралт, эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, сурч боловсроход анхаарах үүднээс ажлынхаа цагийг ээлжийн системд шилжүүлжээ. Ингэснээр өнгөрсөн жил 270 хүн нэмж авч ажиллуулсан бөгөөд аль болох орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад анхаарсан байна. Гэвч тэдний олонхи нь мэргэжилгүй байсан нь ажлын талбарт шууд гаргахад бэрхшээлтэй учруулж байлаа гэдгийг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Сангийн сайдад танилцуулав. Тус уурхайг 100 сая тоннын төмрийн нөөцтэй, энэ хүчин чадлаараа ажиллавал 50-60 жил ашиглах боломжтой гэдэг. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн хэрээр ажилчдын тоо мянга гарахаар тооцож байгаа юм байна. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт дараа нь нутгийн иргэдтэй уулзахдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ заавал дээд мэргэжил эзэмшүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Уул уурхай бүтээн байгуулалтын хөгжлийн энэ цаг үед нарийн мэргэжил эзэмших юм бол ирээдүйд ажлын байр, өндөр цалин хажууд чинь хүлээж байгаа гэдгийг тус үйлдвэрийн жишээн дээр тайлбарлаж байв.
Сангийн сайдын орсон дараагийн үйлдвэр нь Ерөө сумын Бугант тосгоны мод боловсруулах “Бугант-Од” ХХК юм. Тус компани социализмын үед монголын томоохон модны үйлдвэр байсан Ерөөгийн модны үйлдвэрээс өрх тусгаарлаж гарсан хувийн компани. Тус үйлдвэрт 50 орчим хүн ажилладаг бөгөөд 80 орчим хувь нь эмэгтэйчүүд. Өнгөрсөн онд модон материалын ашиглалтыг сайжруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх үүднээс технологийн мод хатаалгын цех, наамал хавтангийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр модны ашиглалтыг сайжруулж, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл сайжирч, барилгын зориулалттай мод бэлдэж, наамал хавтан гаргаснаар борлуулалт өсч, зах зээл улам тэлэгдсэн хэмээн Үйлдвэрийн захирал В.Буяндорж онцоллоо.
Цаашид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ аль болох нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн гаргах, модны үртсийг ашиглах зэрэг шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг Сангийн сайд С.Баярцогт тус үйлдвэртэй танилцах үеэрээ захисан юм.