Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор анх 2007 онд “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг санаачилж, олон нийтийг нэгдэхийг уриалан Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн. 2007 онд “Эх дэлхийн цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 он гэхэд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ. “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт Монгол улс 2 дахь удаагаа нэгдэж 2011 оны 03 сарын 26 өдрийн 20:30 аас 21:30 хүртэл 60 минутын хугацаанд гэрлээ унтраах юм. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бага боловч бууруулахад хувь нэмэр оруулахын хамт улмаар дэлхийн дулаарлыг сааруулахад олон нийтийн оролцоог идэвхжүүлж, мэдлэгийг түгээх юм.
Энэ өдөр тухайн мөчид Сүхбаатарын талбайн эргэн тойронд байгаа их хотын өнгө төрх болсон томоохон барилгууд, тэдний гэрлэн чимэглэлийг унтраалаа. Энэ үеэр Сэнгүр брэндээс Лаатай үдэш арга хэмжээг Номадс сүлжээ ресторануудтай хамтран зохион байгуулж хэрэглэгчидтэйгээ хамт нэг цагийн турш гэрлээ унтрааж эх дэлхийн цагт нэгдлээ. Лааны гэрэлд өнгөрүүлсэн тэрхүү нэг цагийн хугацаанд цахилгаан гэрлийг үгүйлэх хүн байхгүй нь илтэд байсан.