Египет Синайн хойгт цэргийн ажиллагаа явуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Египет Синайн хойгт цэргийн ажиллагаа явуулж эхлэв

Синайн хойгийн хойд хэсэгт байрласан Египетийн цэргийн бүлэглэл террорын эсрэг ажиллагааныхаа үндсэн шатыг явуулж эхлэв. Уг ажиллагааны зорилго нь хойг дахь хэт даврагчдын бүлэглэлийг устган бүсэд аюулгүй байдлыг тогтоох явдал юм.

Долоо хоногийн өмнөхөн хэт даврагчид Синайн хойгт Рафах хотын ойролцоо  хилийн постод халдсан юм. Тэр үеэр 16 египет цэрэг алагдав. Үүний дараа Египетийн арми “өшөө авалт” гэх ажиллагааг зарлан эхлүүлжээ. Хэт даврагчдын эсрэг ажиллагаанд хуурай замын цэрэг, нисэх хүчин ба дотоодын цэргийн анги нэгтгэлүүд оролцож байна.

Ирж буй мэдээгээр, Хойд Синай мужийн нийслэл Аль-Ариш хотоос Рафах ба Аш-Шейх Заид  суурины зүг хуягт техникийн цуваа хөдлөн хойгийн төв хэсгийн уулархаг бүс Габль аль-Халяльд хяналт тогтоохоор явж байна. Цэргийнхний мэдээгээр тэнд хэт даврагчдын үндсэн бааз ба зэвсгийн агуулахууд байгаа ажээ.

Сүүлийн хэд хоногийн дотор Синайн хойгт танк болон бусад хүнд техникүүдийг татан авчирсан. Мөн дунд тусгалын тактикийн пуужингуудын хэд хэдэн харвагч төхөөрөмжийг авчирчээ. Цэргийн ажиллагааг нисдэг тэрэг шууд агаараас дэмжиж байгаа ажээ.

Синайн хойгт аюулгүй байдал тогтоох энэ ажиллагаанд оролцож байгаа  хуягт техникийн нэгж нь 150 орчим байна. Байлдааны бүх ажиллагааг Египетийн 2-р арми ба хилийн цэргийн командлал хамтран удирдаж буй ажээ.

Гэрчүүдийн яриагаар, 1973 оноос хойш хойгт цэргийн ийм бүлэглэл байсангүй. Армийн командлал хойгоос хэт даврагчдыг хөөн зайлуулахад багагүй хугацаа шаардлагатай гэж хэлсэн байна. Өмнөх жилүүдэд хэт даврагч ууланд нууц зам харгуй, баазууд байгуулсан гэж цэргийнхэн үзэж байна. Цэргийн энэ ажиллагаа нь олон жил үргэлжлэн Синайн нүүдэлчин омгийнхоны хоорондын тэмцлийг гаргаж магадгүй хэмээн үзэж байна. Хойгт байрлах цагдаа болон армийнхантай омгууд хуйвалдан эвсэлцдэг, цусан өшөө авдаг уламжлал эртнээс ноёрхжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж