“Авлигыг таслах боломжгүй газарт ардчилал ухардаг”

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

“Авлигыг таслах боломжгүй газарт ардчилал ухардаг”

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, ардчиллын том онолчид болох ноён Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өнөөдөр 1000 хүний өмнө лекц уншлаа. Лекцийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дээрх гурван эрдэмтэн сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм.

Нэгэнт өмнө нь дэлгэрэнгүй лекц уншсан тул эрдэмтэд элдэв оршилгүйгээр шууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ноён Л.Даймонд таны лекцэнд ардчилсан сонгуультай орнуудын тоо сүүлийн үед буурч байгаа тухай дурдлаа. Үүний шалтгаан юу вэ. Азид энэ байдал ямар байгаа вэ?

Ларри Даймонд: -Сүүлийн үед ардчилал ухралтад орсон байдал харагдсан. Азид ч, бусад газарт ч тийм байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэг дэх шалтгаан нь тийм газруудад авлига газар авч байна. Улстөрчид ард түмнээс тусгай анги давхрага мэт байх болсон. Авлига газар авч байгаа нь улстөрчид хувьдаа ихээхэн баялаг эзэмших гэсэнтэй холбоотой. Авлигыг таслан зогсоох боломжгүй орнуудад ийм байдал үүсч байна. Тийм орнуудад улс төрд хамаатай хүмүүсийн амьжиргааны төвшин бусдынхаас хавьгүй дээгүүр болж байна. Тухайн улс орны ардчилал хэр чанартай байна, авлигаас ухрах боломжтой эсэх зэргээс ардчиллаас ухрах уу, үгүй юү гэдэг шалтгаална.

-Баялгийн хараалд өртөхгүйн тулд Монголын хөгжлийн сан байгуулж гуравдагч оронд байршуулах талаар ноён С.Краснер хэллээ. Мөн сангийн зөвлөлд гаднын нэг хүн заавал байх ёстой гэсэн. Энэ сан ямар зарчмаар ажиллах нь зөв бэ?

Стивен Краснер: -Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн ашиглах нь улс төрийн лидерүүдээс шалтгаалдаг. Аль ч төр, засаг мөнгөнд дуртай байдаг. Тиймээс улстөрчид нэг гараа нөгөө гараараа атгаж баялгийн зарцуулалтад хяналт тавих ёстой. Баялгийн зарцуулалтыг зохицуулах чиглэлээр Монголын хөгжлийн санг байгуулах талаар сая ярьсан. Тэр санд гуравдагч талыг оруулж хяналт тавих нь зөв юм. Санг гуравдагч оронд байрлуулж, гуравдагч орны төлөөлөл оруулах нь зөв гэж үзсэн. Гуравдагч орноор Сингапурыг сонгон нэрлэж жишээ болгосон. Азийн хөгжлийн банкны төлөөлөл болгож гурван гишүүнийг зөвлөлд оруулж бас хяналтын үүрэг гүйцэтгүүлэх юм. Монголын талын гурван гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, парламент, Засгийн газраас томилно. Шийдвэр гаргахдаа зөвлөлийн долоон гишүүний дөрвөөс дээш хүний саналыг дагах ёстой. Тэр дөрвөөс дээш хүн дотор Монголын талын төлөөлөл заавал байх ёстой.

-Монгол Улс дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг харьцангуй амжилттай давсан нь юутай холбоотой вэ. БНХАУ хямралд авталгүй тэсч гарсан нь үүнд нөлөөлсөн үү?

Фрэнсис Фукуяама: -Монгол орон санхүүгийн хямралыг давж гарсан нь нэгдүгээрт, Монгол Улс Хятад руу экспортын бүтээгдэхүүнээ гаргадагтай холбоотой. Хятад хямралд өртөөгүй нь давуу тал болсон. Хоёрт, Монгол Улсад банк, санхүү, мөнгөний салбар сайн хөгжөөгүй нь нөлөөлсөн. Үүнийг зохицуулах амаргүй байдаг. Эдгээр салбарын зохицуулалт тааруу байснаар хямралын ангал болж хувирдаг. Монгол Улс үүнээс ангид байсан нь эерэгээр нөлөөлөл болсон байх.

-Монголд ардчилал хэр төлөвшсөн гэж үздэг вэ?

Ларри Даймонд: -Монголд ирээд 24 цаг болоогүй хүний хувьд үүнийг хэлэхэд хэцүү. Гэхдээ бусад орны судалгаанаас үүнийг харж болох юм. Монголд ардчилсан сонгууль, төлөөллийн тогтолцоо сайн. Сая болсон УИХ-ын сонгуулиас сонгуулийн тогтолцоо сайн гэдэг нь харагдсан. Тухайн оронд хууль дээдлэх ёс байгаа эсэхээр бас ардчиллыг хэмждэг. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулсан асуудлаар АНУ-д янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Улс төрийн нөлөөтэй гэж хэлэх хүн байна. Аль нэг орны төр барьж байсан хүнийг хэрхэн шийтгэх нь тухайн орны шүүх эрх мэдлийн чадварыг харуулдаг. Дээрх хэрэгт улс төр орсон эсэхийг сүүлд харуулах байх.

-АНУ-д ч орлогын тэгш бус хуваарилалт байдаг гэсэн. Үүнээс зайлсхийх ямар арга зам байдаг вэ?


Фрэнсис Фукуяама:
-Орлогын тэгш бус байдлаас сэргийлэх зорилгоор АНУ-д хувь хүний орлогын албан татварыг өсгөх процентоор тогтоох арга байдаг. Орлого ихтэй хүн тэр хэрээрээ их татвар төлнө гэсэн үг. Мөн нийгмийн халамжийг хэрэгтэй хүнд нь л хуваарилах хэрэгтэй.

-Байгалийн баялгийг зөв хуваарилахад Хөгжлийн сан байгуулахаас гадна нэг гараа нөгөөгөөрөө атгах өөр ямар хувилбар байж болох вэ?

Стивен Краснер: -Байгалийн бялгийг зохистой ашиглах нэг санал бол Хөгжлийн сан юм. Энэ сан улс орон бүрт ч таардаг зүйл биш. Ардчиллын бааз суурь өргөн газарт л хэрэгжих боломжтой байдаг гэлээ.

                                Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж