
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар гурав дахь олимпдоо хүч үзсэн ч медаль хүртэж чадсангүй. Манай тамирчин эхний даваанд 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Азийн аварга, Ираны залуу тамирчин Хассан Рахимид 0:2, 0:3-аар дийлдсэн. Рахими дараагийн даваанд Энэтхэгийн Амит Кумарыг бараагүй тул монголчуудын гол найдвар тэмцээнээс хасагдаж, жиндээ хамгийн сүүлчийн байр эзэлсэн юм. Б.Наранбаатарт олимпийн наадмаас медаль хүртэж боломж байсан ч “Афин-2004”-т БНСУ-ын Ким Хю Субт, “Бээжин-2008”-д ОХУ-ын Бесик Кудуховт харамсалтай байдлаар ялагдаж байлаа.
Лондоны дэвжээнд хамгийн хөнгөн жинд ОХУ-ын өсч яваа залуу тамирчин Жамал Отарсултанов ноёлж, дэлхийн хошой аварга Виктор Лебедевийг гэрт нь үлдээснийхээ хэргийг гаргалаа. Тэгвэл энэ удаагийн олимпийн нээлт болсон Гүржийн Владимир Хинчегашвили мөнгөн медаль хүртэв. Тэрбээр энэ хүрэх замдаа Египетийн Ибрахим Фарах, Болгарын шилдэг бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Радослав Великов, Энэтхэгийн Амит Кумар, Японы Шиничи Юмото нарыг дараалан ялсан. Цагтаа Б.Наранбаатар, Р.Великов нарын хамт энэ жинд ноёлж явсан Узбекистаны шилдэг бөх, дэлхийн хошой аварга Дильшод Мансуров хоёрдугаар тойрогт дийлдсэн нь тэдний цаг хугацаа дууссаны дохио байв.
60 кг (19): 1. Тогрул Аскеров (Азербайжан) 2. Бесик Кудухов (ОХУ) 3. Коулмен Скотт (АНУ), Йогешвар Дутт (Энэтхэг)
ОХУ-ын шилдэг бөх Бесик Кудухов чөлөөт бөхийн оргилд гарч чадсангүй. Бөхийн өлгий Осетиэс гаралтай тэрбээр дэлхийд дөрвөнтээ түрүүлсэн ч (55, 60 кг нийлээд) олимпийн алтан медаль л түүнээс зугтаад байна. Кудухов 2008 оны олимпод 55 кг-ын жинд зодоглож, эхний даваанд манай Б.Наранбаатарыг ялсан ч хэт баярласныхаа улмаас хүрэл медальтай үлдэж байв. Харин энэ жил шигшээ барилдаанд шалгарсан ч Тогрул Аскеров гэж дөнгөж 20 настай залууг яаж чадсангүй. Ингэснээр ОХУ-ын багийн тооцоонд байсан нэгэн алтан медаль үгүй болсон юм. Энэ жингийн өөр нэг онцлох бөх бол Йогешвар Дутт. Энэтхэг эр Кудуховт ялагдсан ч Болгар, Пуэрто-Рико, Иран, БНАСАУ зэрэг бөхийн орны болон дэлхийд дээгүүр үздэг болсон тамирчдыг сөхрүүлсээр шагналын тавцанд гишгэлээ. Харин Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран манайхны өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай энэ жингийн олимпийн эрхийг авч чадаагүй юм.
74 кг (19): 1. Жордан Барроуз (АНУ) 2. Саид Гударзи (Иран) 3. Денис Царгуш (ОХУ), Сослан Тигиев (Узбекистан) … 13. Пүрэвжавын Өнөрбат (Монгол)
ОУХМ П.Өнөрбат эхний даваанд Гүржийн Давид Хуцишвилид 0:1, 1:2-оор ялагдсанаар олимпийн дэвжээг орхилоо. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Хуцишвили нь шөвгийн наймд ОХУ-ын шилдэг бөх, дэлхийн хошой аварга Денис Царгушт дийлдсэн тул энэ жин дэх монголчуудын тэмцэл өндөрлөсөн юм. Харин оросуудын итгэл найдварыг хүлээгээд байсан Царгуш зооны аваргын төлөө АНУ-ын Жордан Барроузтай ач тач үзээд бараагүй барилдаан бөхийн хорхойтнуудын зүрх сэтгэлд үүр үлдэх биз ээ. Ийнхүү гаж барилдаантай Барроуз өнгөрсөн жилийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээ аз биш гэдгийг нотолж, чөлөөт бөхийн спортод нэгэн супер од мэндэлснийг чанга дуугаар зарлалаа.
84 кг (19): Шариф Шарифов (Азербайжан) 2. Жейми Юсепт Эспинал (Пуэрто-Рико) 3. Дато Марсагишвили (Гүрж), Эхсан Лашгари (Иран) … 14. Оргодолын Үйтүмэн (Монгол)
ОУХМ О.Үйтүмэн мөн л эхний өрсөлдөгчдөө, мөн л Гүржийн бөхөд дийлдсэнээр үзэгчдийн суудалд шилжсэн. Түүнийг 9:1, 7:3-аар илүүрхэн ялсан Дато Марсагишвили дараа нь Пуэрто-Рикогийн Жейми Юсепт Эспиналд тахимаа өгсөн юм. Азербайжанчууд илүүрхэл, оросуудын бүтэлгүйтэл энэ жинд ч үргэлжилсэн. Шариф Шарифов өнгөрсөн жилийн ДАШТ-ий алтан медалиа олимпийнхтой ихэрлүүлснээр наймдугаар сарын 11-нд “ExCel” ордонд Азербайжаны төрийн дуулал хоёр дахиа эгшиглэсэн билээ (Түүнээс өмнө Тогрул Аскеров 60 кг-ын жинд түрүүлээд байв). Харин Анзор Уриншев медалийн төлөөх өрсөлдөөнд ч орж чадсангүй, “Ах нар”-ыг ичээв.
120 кг (18): 1. Артур Таймазов (Узбекистан) 2. Давид Мозманашвили (Гүрж) 3. Комеил Хасеми (Иран), Билял Махов (ОХУ) … 9. Жаргалсайханы Чулуунбат (Монгол)
Эрчүүдээс ОУХМ Ж.Чулуунбат л ганц ялалт байгууллаа. Эхний даваанд хийлсэн тэрбээр удаад нь Сенегалын Малай Ндиаег 1:0, 2:0-ээр илүүрхсэн. Ингээд шөвгийн наймд ОХУ-ын бөх, дэлхийн гурван удаагийн аварга Билял Маховтой хүч үзсэн. Ж.Чулуунбат эхний үед хүчтэй учраагаа хав барьцнаас шидэж нуман тулгуурт оруулж, зургаан оноог авснаар оноогоор цэвэр ялсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа нар үүнийг цэвэр ялалт хэмээн үзэж, зарга мэдүүлсэн ч шүүгч нар нягталж үзээд эхний шийдвэрийг хэвээр үлдээсэн нь тоогүй. Лондоноос зөвхөн алтан медаль хүртэнэ хэмээн зүүдэлж байсан Маховт энэхүү барилдаан хүнд цохилт болсон юм. Тиймээс удаах хоёр үед тун нягт барилдсанаар 2:1, 1:0-ээр ялсан. Хэрвээ Ж.Чулуунбат хоёрдугаар үед мэх дутуу хийснийхээ гороор хоёр оноо алдаагүй бол ялалт байгуулах боломж байлаа. Ингээд Маховын барилдааныг харах үлдсэн юм. Гэвч дэлхийн гурван удаагийн аварга хагас шигшээд Гүржийн Давид Мозманашвилид ялагдсанаар Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд олимпийн наадам өндөрлөсөн юм.
Махов ийн ялагдсанаар шигшээд шалгарч чадсангүй, бөхийн хорхойтнуудад Узбекистаны Артур Таймазов тэр хоёрын супер өрсөлдөөнийг үзэх хувь дутсан. Шигшээ барилдаанд агуу Таймазов Гүржийн Мозманашвилиг илүүрхсэн ялснаар олимпийн гурван алтан медальтай боллоо. Тэрбээр “Сидней-2000”-д ОХУ-ын Давид Мусульбест (Сүүлд Словакын нэрийн өмнөөс барилдсан) ялагдаж мөнгөн медаль хүртсэн ч “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”-т босоо байж чадлаа. Сонирхуулахад чөлөөт, сонгомол бөхийн төрөлд олимпийн наадмаас гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн бөх түүнээс өөр ганц байдаг нь ЗХУ, ОХУ-ын нэрт бөх, алдарт Александр Карелин юм. Түүнчлэн Шведийн Карл Вестергрен, Ивар Йоханссон, ЗХУ-ын Александр Медведь, ОХУ-ын Бувайсар Сайтиев нар гурван удаа аваргалжээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
