Мороккод Засгийн газраа эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Мороккод Засгийн газраа эсэргүүцэн жагсав

Мороккогийн томоохон хотуудад өчигдөр Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид, Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн гишүүдээс бүрдсэн “Хоёрдугаар сарын 20” гэх хөдөлгөөнийхөн лалын шашинтнуудаар удирдуулсан Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлээгүй хэмээн шүүмжилж, жагсаал зохион байгуулсан байна. 

Касабланка хотод 1000 гаруй хүн цуглаж, авлигын эсрэг дуу дуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг буруутган, шоронд хоригдож буй тэмцэгчдийг суллахыг шаарджээ. Харин Мороккогийн нийслэл Рабат хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 300 орчим хүн нэгдсэн байна. Тэд Ерөнхий сайд Абделила Бенкиран болон Мороккогийн ван VI Мохаммедийг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган, Засгийн газрын эсрэг туг далбаа намируулж, тэмцэгчдийг суллахыг шаарджээ. Сүүлийн хэдэн сарын турш “Хоёрдугаар сарын 20” гэх эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгчид зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн хэргээр хоригдож байгаа юм.

Мөн Марракеш, Танжер зэрэг томоохон хотод 200 хүртэлх хүнийг хамарсан жагсаал болжээ. Эсэргүүцэгчид шатахууны үнэ өнгөрсөн зургадугаар сараас 20 хувиар нэмэгдэж, ажилгүйдэл өссөн, мөн хүнс болон бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнд эрх баригч намыг буруутгаж буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж