
МАН-ынхны бойкотын гол сэжим нь Өвөрхангайн маргаантай хоёр тойргийн асуудал юм. Тэд СЕХ-ноос түр үнэмлэхээ авч, өөрсдийгөө ялалт байгуулсанд тооцсон хоёр гишүүнээ УИХ-д оруулж ирэх болзлыг АН-д тавьсан. Гурван зүйлээс бүрдсэн шаардах бичигт нь энэ тухай их л тодорхой дурьдсан юм байх. Өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн хүмүүсээс 27 нь МАН-ынх, 31 нь АН-ынх байгаа. Хэрэв МАН-ынхны тааллаар болбол УИХ дахь тэдний гишүүдийн тоо 29 болно. Сонгуульд анх удаа дангаараа, бусад нам, эсвэлтэй хамтрахгүйгээр оролцож, хамгийн олон суудал авсан Ардчилсан намын өмнө бүхэл бүтэн дөрвөн жил байна. Уг нь тэд МАН-ын алдсан бүгдээс сургамж авч, улсаа улс шиг хөгжүүлэх гэж зорих ёстой. Гэтэл Өвөрхангайн хоёрыг хүлээн зөвшөөрчихвөл хөлөндөө дөнгөтэйгөөр ирэх дөрвөн жилийг үдэх болчихлоо.
Хэрэв одоо л МАН-ынхны үгэнд орж, тэдний тааллаар түр гишүүний үнэмлэхээ авсан Өвөрхангайн хоёрыг УИХ-д оруулаад ирвэл цаашид иймэрхүү “бойкот” үргэлжилсээр байх болно. АН сөрөг хүчин байж, МАН эрх баригч байж үзээгүй юм биш. МАН ганц пээдийхэд АН бөхөлзөж нахилзаад байх уу?. Ингэхийн тулд ард түмэн АН-д итгэл хүлээлгэж, парламентын хамгийн олон суудлыг тэдэнд өгсөн гэж үү. МАН-ынхны арга эвийг олж, тэдний аясаар намирч байгаарай гэж АН хамгийн олон суудал авсан юм уу. Үгүй л баймаар.
АН өнөөдөр МАН-ын оролцоогүйгээр УИХ-ын даргаа сонгосон. Байнгын хороодоо бүрдүүлсэн. Засагаа хэзээ мөдгүй байгуулах нь тодорхой болчихоод байна. МАН-гүйгээр ажил урагшилж байна. АН чадаж байна. Өөр юу хэрэгтэй юм бэ. УИХ-д сөрөг хүчин болсон МАН-гүйгээр АН төрөө байгуулж чадна гэж ард түмэн тооцсон нь угаасаа алдаа биш байж шүү.
АН засгаа эмхэлсний дараа олон шийдвэр гаргах шаардлагатай болно. Гэтэл УИХ-д 31 суудалтай АН-ын ганц хоёр гишүүн байр сууринаасаа ухрахад л МАН пээдийгээд ирэх юм. Хэрэв тэдний хүсч байгаачлан Өвөрхангайн хоёрынх нь асуудлыг шийдээд өгвөл шүү дээ. УИХ-д 29 суудалтай болчихвол МАН ямар дээгүүр харж, ихийг авахыг хүсэх бол. Тэд дөрвөн жилийн дараа мэргэшсэн бойкотчид болчихсон хээв нэг сууцгааж байх вий. Өнөөдөр Ардчилсан нам УИХ-ыг гацаанаас гаргахын тулд МАН-ын шаардлагуудыг хүлээж авах шаарлагагүй болсон. УИХ, Засгийн газар МАН-гүй байсан ч хэвийн ажлаа үргэлжлүүлж байна. Хууль эрх зүйн хувьд АН-ын өмнө бүгд нээлттэй.
Угтаа МАН-ын санал болгоод байгаа Өвөрхангайн хоёр нь ч бөөн булхай луйврын эзэд. Тэд өөрсдийгөө насанд хүрээгүй хүүхдээр сонгуулийнхаа сурталчилгааг хэзээ ч хийлгэж үзээгүй, хүмүүст ганц төгрөгийн дэвсгэрт ч тарааж өгөөгүй, хуулийн дагуу амьдардаг энхийн цагаан тагтаа нар гэж донгодох авч нотлох баримт, видео бичлэгэн дээр тэд хар хэрээнүүд шиг харагдах нь жигтэй. Тэгэхээр Ардчилсан нам тэднийг УИХ-д оруулж ирвэл хууль, шударга ёсыг уландаа гишгэсэнтэй адил алхам болно.
Тэгэхээр дөрвөн жилийн дараа юу болохыг төсөөлөөд үз дээ. Өвөрхангайн хоёрыгоо авч үлдсэн МАН-ынхан АН-ын эмхлэн байгуулж ядсан төрийг “Арчаагүй, үлбэгэр, сул дорой”-гоор нь дуудаж, дараагийн сонгуульдаа оролцоно. Бидэнгүйгээр энэ АН ёстой ажлаа бүтээдэггүй юм байна лээ гэж пиараа хийцгээнэ. Хөгжилтэй байгаа биз дээ. Харин цаагуураа тэд өөрсдийгөө мэргэжлийн бойкотчид болчихлоо гэж сайрхацгаах биз.
Өвөрхангайн маргаантай хоёр тойргийн асуудлыг МАН-ынхны дураар шийдэж болохгүй гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. Үүнээс АН алдана уу гэхээс онох нь юу л бол. Тэр үед МАН-ынхан АН-ынхан руу “Яарвал даарна гэж тээр дөрвөн жилийн өмнө хэлээгүй юу” гэх нь дамжиггүй. Гэвч даарсан хүн яардаг.
МАН-ын бойкотноос залхсан АН өнөөдөр яарч байна. Намар болохоос өмнө төр засгаа эмхэлчихээд өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд эрх баригчид угаасаа ч яарах ёстой.