Дөрвөн залуу хариуцлага хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Дөрвөн залуу хариуцлага хүлээв

Москвагийн Тверийн шүүх энэ лхагва гаригт Манежийн талбайд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон нийтийн үймээн гаргасан гэх дөрвөн залуугийн үйлдсэн хэрэгт нь тохируулан тэнсэн харгалзах болон гурван жил хүртэл хорих ялаар шийтгэсэн байна. “Интерфакс” агентлаг мэдээлснээр 22 настай Владимир Кирпичников, 23 настай Николай Двойников хоёрт гурав ба хоёр жилийн хорих ялыг ердийн дэглэмтэй засан хүмүүжүүлэхэд эдлүүлэхээр болжээ. Нөгөө хоёр 24 настай Виталий Васин ба 18 настай Григорий Бильченко нар тэнсэн авчээ.

Хуулийн байгууллагын ажилтнуудын амь насанд нь аюултай хүчирхийлэл үзүүлсэн гэж тэр дөрвийг ялласан байна. Бильченкогоос бусад нь олныг үймээнд уриалсан хэрэгтэн болов. Васин ба Бильченко хоёрын танхайрсан, Кирпичниковыг яс үндэсний сөргөлдөөнийг дэврээсэн гэж шүүх шийтгэх тогтоол үйлдсэн бөгөөд хариуцлага оноохдоо тэдний нас залуу байгааг анхаарч үзсэн гэнэ.

Москвагийн Манежийн талбайд 2010 оны арванхоёрдугаар сарын 11-нд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн үеэр үймээн гарсан ба Москвагийн “Спартак” хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч Евгений Свиридовыг Хойд Кавказаас гаралтай хүмүүс хөнөөсний улмаас тухайн жагсаалын үеэр цагдаа болон энгийн иргэдээс 30-аад хүн хэлмэгдсэн байлаа.

Ш.МЯГМАР

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж