27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томиллоо

Шинэ парламент тангараг өргөөд сар гаруй хугацаа өнгөрч байгаа энэ үед Засгийн газрын тэргүүнийг томилохоос шалтгаалан Засгийн газрын бүрэлдэхүүнийг  байгуулах асуудал гацаанд ороод байсан юм. УИХ-ын даргыг томилох асуудал хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тус намынхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй өдийг хүргэсэн билээ. Гэхдээ өчигдрийн хуралдсан бүлгийн хуралдаанаараа “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох” шийдвэрийг гаргаснаар гацаанд ороод байсан УИХ-ын чуулган хуралдахаар болсон юм.

Ингээд МАН, Ардчилсан намын дарга нар зөвшилцлийн ширээнд суусан. Үүний дагуу тохиролцоод хүрч чадсан гэдгийг хоёр намын дарга нар хэлж байлаа. Ардчилсан нам, МАН-ын хооронд хийсэн зөвшилцлийн бичигт “Хоёр намын зүгээс УИХ-ын сонгуулиар маргаантай үлдсэн тойргуудын саналыг дахин тоолно, ингэхдээ гараар тоолох, мөн Засгийн газрын тэргүүнийг томилох чухал ажилд хоёр намын зүгээс идэвхитэй оролцох” гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан байна.Энэ талаар МАН-ын бүлгийн Н.Энхболд  “Ардчилсан намтай ер нь бол зөвшилцөлд хүрч байна гэж ойлгож байна. МАН-аас тавьсан саналыг Ардчилсан нам хүлээж авч, зарчмын хувьд хүлээж авч байна гэж ойлгож байна. Улс эх орны чухал ажил, Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох ажилд МАН оролцох болно. УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ Үүргийн дагуу бид УИХ-ын чуулганд оролцоно” гэж байсан. Мөн Ардчилсан намын зүгээс ч ийм байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдад томилох хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсны дагуу хариу хүлээж байна. Хэрэв Ерөнхийлөгч хариу өгвөл УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилоно” гэсэн тайлбар өгсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод  Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилох саналыг хүргүүлсэн.

Хуулийн дагуу өргөн барьсан Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг  Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь намын дарга нартай зөвшилцдөг. Үүний дагуу мөн УИХ дахь МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нартай уулзсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьснаас тав хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын чуулганд оролцохгүй байсан өчигдөр хоёр намын бүлэг зөвшилцөх бичигт гарыг үсэг зурснаар ийнхүү шинэ Ерөнхий сайд албан үүргээ хүлээн авах болсон юм.

Засгийн газрын шинэ тэргүүлэгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг 100 хувь дэмжсэнээр, УИХ-ын чуулганд өргөн барьснаар чуулганаар Засгийн газрын тэргүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын чуулган ширүүхэн эхэлж, гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын даргыг томилох асуудал нь хууль зөрчсөн тул дахин УИХ-ын даргыг томилох асуудлыг санал хураалгаж баталгаажуулах асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөв­лөсөн, хэлэлцэх асуудалтай холбоотой горимын санал тавьж буй бол өөр хэрэг. Хуулийнхаа хүрээнд УИХ үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч явуулах болно. Хэлэлцэх асуудлынхаа хүрээнд асуудлаа шийдээд явъя, өнгөрсөн хугацаанд төрийн олон ажил цалгардлаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төр засгийн ажил зөндөө гацлаа гэлээ, Ардын намаас болоогүй. Хотын даргыг өнгөрсөн даваа гаригт дэвшүүлж, нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн, улмаар Ерөнхий сайд өчигдөр батламжилсан. Ерөнхий сайдын асуудлыг өчигдөр та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, өнөөдөр УИХ-д орж ирж байна, хэнээс болж саатсан гэх гээд байгаа юм” гэлээ. Ингээд УИХ-ын гишүүн Н.Энхболдын гаргасан саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь “Горимын саналыг хүлээж авах боломжгүй” гэж үзсэн юм. Харин МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Намын бүлэг байгуулж буй тухайгаа албан бичгийг УИХ-ын Тамгын газарт өгсөн, үүнийг УИХ-ын дарга хүлээж авна уу” гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын дарга томилогдсоноос хойшхи 24 цагт багтаан мэдүүлэх учиртай. Энэ хугацаа өнгөрсөн тиймээс ганц гарц үлдсэн нь хуулийн төсөл санаачилж байж, асуудлыг авч хэлэлцэхээс аргагүй” гэсэн юм. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулах хүсэлт ёсчлогдож чадсангүй. Гишүүд саналаа хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг танилцуулсан юм.

УИХ-ын чуулганыг гацаанд оруулсан МАН-ын бүлэг Засгийн газрын тэргүүнийг сонгох шийдвэрлэх асуудалд оролцохоо мэдэгдэж, УИХ-ын чуулган бүрэн бүрэлдэхүүнээр 27 дахь Ерөнхий сайдыг томилж, цаашлаад Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээрээ улсын ажлыг урагшуулах юм. УИХ-ын чуулганаар Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвслээс өргөн мэдүүлсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох саналыг дэмжсэнээр ийнхүү 27 дахь Ерөнхий сайд ажлаа хүлээн авч, Засгийн ажил урагшилж эхэллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж