Та бол хотын даргын төлөөлөл

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Та бол хотын даргын төлөөлөл

Энэ үгийг Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэсгийн ахлагч нартай уулзах бүртээ хэлж байгаа юм. Тэрбээр өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн хэсгийн ахлагч нартай уулзав. Юун түрүүнд хоёр хороогоор орж ажил байдалтай нь танилцлаа.  Хан-Уулын 3 –р хороо орон сууцны байрууд дунд байрладаг болохоороо тун ч цэмцэгэр харагдав.  Хорооны дарга нь гав шавхийсэн бүсгүй байх.  Хариуцсан ажилтнуудаа нэг гарт зангидаж чадаж байгаа ч гэж жигтэйхэн.  Хотын дарга тус хорооны ажилтнууд хийгээд хэсгийн ахлагч нартай ярилцахдаа нэг л үгийг онцлон захив. Тэр нь та бүхэн иргэдтэй ажилладаг улс шүү гэсэн үг байлаа. Төрийн ажлын эд эс нь та бүхэн юм. Засгийн газар болон хотын зүгээс ажилгүй иргэдээ ажилтай болгоход энэ жил анхаарч байна. Ингэхдээ та бүхний хүчийг ашиглана. Өөрөөр хэлбэл таны хавтсанд буй иргэдийн судалгаан дээр тулгуурлан хүмүүсийг ажил, амьдралтай болгох юм гэлээ.

Түүнчлэн хэсгийн ахлагч нар бол үндсэндээ өөрсдийнхөө  итгэл үнэмшлээр ажиллаж байгаа улс. Сард 108 мянган төгрөгийн урамшуулал аваад төрийн анхан шатны асар их ажлыг нуруун дээр үүрч явдгийг хотын дарга миний бие сайтар мэднэ. Сайн дураараа, сэтгэл зүрхээрээ ажилладаг учраас  та нөхдийн ажлыг ойлгож явдаг гэв.  Ингээд иргэд чухам ямар хүсэлтийг төр засагт тавьж, хүсэж байна гэдгийг тэднээс лавласан. Хэсгийн ахлагч нарын хэлж байгаагаар бол 45 –аас дээш насны иргэд ажилд орох хүсэлт маш их тавьдаг гэж байна. Гэвч тэднийг нас чинь явжээ гэдэг шалтгаар хэнбугай нь ажилд тоож авдаггүй гэцгээв. Зарим хүмүүс мэргэжлийн сургалтанд хамрагдаад ч болов ажилтай болох санал тавьдаг гэж байсан.  3 хороон дээр хэсгийн ахлагч хийж буй хүмүүс дотор дээд тал нь 7,  доод тал нь 2 жил энэ ажлаа дагнан хийсэн иргэн байна. Тиймээс энэ туршлага мэдээ мэдээллийг иргэдээ ажилтай болгох үйлсэд ашиглах болно гэлээ. Эндээсээ хотын дарга Яармагийн дэнжийг зорьлоо. Гэр хорооллын дунд байрлах 5 хорооны бүх хэсгийн ахлагч нар эмэгтэйчүүд байв.  Шөнө оройн цагаар явж байгаад нохой шувуунд уруулах,  өвөлдөө гудамжиндаа муу усаа асгадгаас халтирч бэртэх гээд асуудал дуусашгүй ундардаг гэж зовлонгоо тоочиж байна.  Эндхийн иргэд дунд ажилгүйдэл харьцангуй бага байдаг уу эсвэл тэр талаар ярьсангүй юу ажлын байрны асуудал хэсгийн ахлагч нар хөндсөнгүй. Хотын дарга хэлэхдээ энэ сарын 30 нд ажлын байрны талаар ярилцах өдөрлөг болох юм.

Энэ арга хэмжээний үеэр 60 ажил олгогч нартай уулзана. Эцсийн үр дүнд нь 60 иргэнийг ажилтай болгох зорилго тээж яваа гэж хэллээ. Хан-Уул дүүргийн хувьд хуучин үйлдвэрийн район байсан үүх түүхтэй дүүрэг. Энэхүү онцлог байдлыг эргэн сэргээж дүүргийн хүн амын дунд ажилгүйдэл огт байхгүй болгох мөрөөдөлтэй явдгаа дуулгав. Төр засаг, хотын зүгээс иргэдээ ажил төрөлтэй болгох гэсэн энэ ажилд хэсгийн ахлагч нарын тус дэм асар их болохыг ойлгуулав. Дараа нь дүүргийн соёлын төвд цугласан бусад хороо хорины хэсгийн ахлагч нартай уулзаж учир байдлаа таниуллаа. Би та бүхэнтэй хүний тухай ярилцахаар ирсэн. Ажилгүй иргэдийг ажилтай болгох тухай гэсэн үг.  Энэ бүтэн нэг жилийн хугацаанд иргэд төр засгийн гүүр нь хэсгийн ахлагч нар байх юм гэв. Нэг талаараа төрийн, нөгөө утгаараа иргэний төлөөлөл болдог тул Улаанбаатар хотынхоо төсөв, эдийн засгийн мэдээ мэдээлэлтэй байхыг ч сануулаад зарим тоон мэдээлэл өгсөн.  Хэсгийн ахлагч нар хотын даргын энэ уулзалтанд талархал илэрхийлж хамтарч ажиллахаа амаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж