Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

С.Баяр & Н.Энхбаяр

С.Баяр эргэж ирэв. УИХ-ын намрын чуулганыг завсарлуулаад АНУ-г зорьсон экс Ерөнхий сайд, МАХН-ын дарга асан эргэж ирснийг гайхах явдал үгүй ч түүний эзгүйд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хийсэн цочир цочир мэдэгдлүүд олон нийтийн зүгээс С.Баярын хийх хариу тайлбарыг хүлээн “сэтгэл чилээх”-эд хүргэсэн билээ.

Энэ бол өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн таван хүний амь настай холбоотой сэдэв. Тухайн үед үүрэг гүйцэтгэсэн цагдаагийнхан таван иргэнээ буудан хорооход хүргэсэн шалтгаан юу билээ, хэн үүнд буруутай вэ гэдэг асуултын хариуг монголчууд хоёр жил хагас хүлээж байгаа. Гэвч прокурорын мөрдөн байцаах албанд жил тойрон шалгагдаад Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Харин өнгөрсөн намар Улсын ерөнхий прокуророос цагдаагийн албан тушаалтнууд, үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарын хэргийг сэргээсэн билээ. Өмнө нь албан тушаалын гэмт хэргээр зүйлчлэн өршөөлд хамруулсан байсныг зүйл ангийг нь өөрчилж, цэргийн гэмт хэрэг болгон шалгаж байгаа.

Үүнээс шууд хамааралтай эсэхийг хэлэх боломжгүй ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрөгч сарын сүүлээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд зорилготой гэмээр мэдэгдлүүдийг хийж эхэлсэн. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхий сайд асан С.Баяр тухайн үед намайг “Онц байдал зарла” гэж шахаагүй бол би Онц байдал зарлахгүй байсан юм. Ер нь ч МАХН-ын байрыг шатаалгах зорилгоор цагдааг хамгаалалтаас нь эргүүлэн татсан юм билээ. Тухайн үед ЦЕГ-ын даргыг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгч тавьсан нь ч үүнтэй холбоотой байх” гэх утгатай  үгсийг удаа дараа унагасан. Ерөнхийдөө долдугаар сарын 1-нд таван хүний амь үрэгдсэний гол буруутан С.Баяр, хэрвээ түүнийг буруугаа хүлээгээд огцорсон бол би өдийд хариуцлагын тухай ярихгүй байсан юм хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс тухайн үеийн ҮАБЗ-ийн даргын өгсөн энэ мэдээлэлд ҮАБЗ-ийн нэг гишүүн нь ямар хариу өгөх бол хэмээн олон нийт болоод хэвлэл мэдээллийнхэн анаж байв.

Гэвч тэр бараг л онгоцоос буунгуутаа өдсөн мэт Төрийн ордноор орж гарч, захын сэтгүүлчийн илгээсэн утасны дуудлагыг аваад “Би Н.Энхбаярын хэлсэн үг, шидсэн чулуу болгонд хариулах албагүй” гэж гэдийв. Бас араас нь “Н.Энхбаярт намайг яллах, буруутгах хүсэл сонирхол, баримт сэлт байгаа бол олон таван үггүй түүнийгээ аваад хууль хяналтын байгууллага дээр очих хэрэгтэй. Тэгэхийн оронд телевиз сониноор хууч хөөрөөд ч байгаа юм шиг, хуурч давслаад ч байгаа юм шиг этгээд марзан юм яриад явах нь утгагүй” гэсэн хорон уг дагуулав. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаярт өгөхгүй гэсэн хариултаа өгч байгаа нь тэр. Н.Энхбаяр ч бас тохирсон хариултаа авч байгаа нь энэ. Угийн сэтгүүлч мэргэжилтэй, хэл ярианы логик сайтай энэ этгээдээс өдий хэрийн хариу сонсоно гэдгээ Н.Энхбаяр эхлээд тооцох хэрэгтэй байж.

Гэвч…

Гэвч энд нэг зүйл буруу байна. Долдугаар сарын 1-нд гэм зэмгүй таван иргэнээ буудаж алсны бурууг хайх гэсэн энэ хайлт явсаар Н.Энхбаяр, С.Баяр нарын бие биеэ золигт гаргах гэсэн нэхэл хатуутай тоглоом болж, нийгэм ч бас үүнд нь хөтлөгдөн хоёр талцаж, хэн хэнийг нь “балешиглах” байдал руу яваад орчихлоо. Яваандаа энэ нь гэмт хэргийн буруутныг хайх бус, хэн нь хэнээсээ цэцэн бэ гэдэг өрсөлдөөн болж хувирлаа. Тиймээс аль аль нь тухайн үед үүрэг хүлээж, албан тушаал хашиж байсан Онц байдлын комиссийн хоёр гишүүн, ҮАБЗ-ийн дарга, гишүүн хоёр бие биенийхээ “өсгийд” онох гэж улайрахын оронд зүгээр л Прокурорын мөрдөн байцаах дээр явж очоод мэдүүлгээ өгчихвөл энэ хэргийг зөв шударгаар шийдэхэд нэмэр болно. Түүнээс биш олон нийтийг төөрөгдүүлэх гээд, хуулийн байгууллагын шийдвэрт ч нөлөөлөх гээд байгаа юм шиг сүрхий сүрхий улс төрийн акцийг ээлж дараалан хийгээд байх чинь өөрсдөд тань итгэж санал өгсөн хүмүүсийн итгэлийг  алдууруулаад зогсохгүй нийгмийн сэтгэл зүйг хуйсгануулах хөнөөлт үр дагавартай байж мэдэх юм шүү.

Н.Энхбаяр нь тийм их шаналаад байсан юм бол аль 2009 оны сонгуулиас өмнө Ерөнхийлөгч байхдаа энэ хэргийн шалгалтад юугаар нэмэр болсон юм. С.Баяр ч гэсэн тийм их шийртэй юм бол энэ хэргээс хойш хойш жил тойрон Ерөнхий сайд хийхдээ энэ хэргийг илрүүлчихгүй яасан юм бэ. Тийм учраас энэ хэргийн тухайн хоёр нөхрийг үнэлэх үнэлэмж, буруутгах буруутгал ч яг ижил. Таван хүний амь хороосон хэргийн буруутныг хуулийн байгууллага тогтоон тогтоох хүртэл энэ хэвээр байх болно. Хэн нь ч би буруугүй, надад эрх мэдэл дутсан гэж хэлэх эрх байхгүй.                            

         Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж