Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл үүрэгт ажилдаа шуурхайлан орлоо. Тэрбээр автозамын засвар, шинэчлэлийн ажлын явц, нийтийн тээврийн үйлчилгээний асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ярилцан ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг даалгавар өглөө. Мөн хотын тулгамдсан болон цаг үеийн ажлуудыг шуурхайлах ажлаа томилгоонууд хийснээр эхэлж байна. Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Нямаагийн Батааг, Нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ёндон-Ойдовын Гэрэлчулууныг тус тус томиллоо.
Нийслэлийн АН-ын тэргүүн дэд дарга Н.Батаа ажилд томилогдохын өмнө шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Шим” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ХХААХҮЯ-ы Стратеги, төлөвлөлтийн нэгдсэн бодлогын газрын даргаар болон нийтийн аж ахуй үйлчилгээний системд хариуцлагатай алба хашиж байсан юм.
Ё.Гэрэлчулуун Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаад уг албанд томилогдож байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, монгол төрийг түшилцэж явсан, нийслэлчүүд төдийгүй монголчуудын танил билээ. Ийнхүү шинэ алба хүлээж аваад байгаа хотын даргын орлогч нар улс төр, нийгмийн амьдралын арвин туршлагатай, төрд шалгагдсан эрхмүүд юм.
Ш.ЧИМЭГ