Гол сэдэв монгол иргэдийн асуудал байсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Гол сэдэв монгол иргэдийн асуудал байсан гэв

Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээллийг өчигдөр Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд нарын албаны төлөөлөгчид хэвлэлийнхэнд танилцууллаа.

Сайд Г.Занданшатар “Энэхүү айлчлалаар улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг олон салбарын хүрээнд хэлэлцээрүүд хийлээ.  Энэхүү хэлэлцээрүүд нь үндсэндээ харилцаа нь харилцан ашигтай, бие биеэ нөхсөн байдалтай байсан. Солонгосын тал хүний хөгжил, эдийн засгийг дэмжих зорил-гоор 23 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, үүгээрээ тодорхой хугацааны дараа визгүй зорчдог болоход чиглэсэн хэлэлцээ хийлээ.  Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг нь Монголд айлчлахаар болсон нь чухал ач холбогдолтой зүйл болсон. Ерөнхий сайд Солонгос улс дахь Монгол Улсын жилийн нээлтэд оролцон Иньчоны Их сургуулийн оюутны хотхонтой танилцсан, бизнес эрхлэгчдийн чуулганд оролцсон” гэв. 

Түүнчлэн айлчлалын үеэр Ерөнхий сайд Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзан ажил амьдралтай нь танилцсан бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдах ажлыг албан ёсоор Солонгост хийхээр болсон гэнэ. Мөн айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гарч ложистикийн салбарт хамтран ажиллах, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар, мэдээллийн технологи, өндөр технологийг хөгжүүлэх, кластерийн загварыг бий болгох зэрэгт хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ.

Ерөнхий сайд нарын хэлэлцээний гол сэдэв нь манай иргэдийн асуудал байсан гэнэ. Үүний хүрээнд тэнд буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, богино хугацааны сургалтад сургах, тэнд ажиллаж буй иргэдийн хүүхдүүдийг Солонгос улсад зорчиход хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэхээр болсон аж. Тухайлбал, гэрээгээр Солонгост ажиллаж буй монголчуудад нарийн мэргэжлийн үнэмлэх олгосноор тэдгээр иргэд эх орондоо ирснээр шинэ бүтээн байгуулалтад оролцох боломжтой болох юм.

Айлчлалын үеэр хамгийн үлгэр жишээ хэлэлцээ эрүүл мэндийн салбарынханд холбоотой байсан гэнэ. Энэ талаар С.Ламбаа сайд хэлэхдээ “Солонгос улсад хийсэн айлчлалд эрүүл мэндийн асуудал чухалчлан хөндөгдсөн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дэлхийд брэнд болсон үйлдвэрүүдтэй гэрээ хийж, чанар сайтай эмийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд шууд авдаг болох асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг  үүрэг болгосон.  Түүнчлэн Үндэсний оношлогооны төв барих 45 сая ам.долларын барилгын зураг төслийг Солонгосын талтай хамтран хийсэн байсан ба Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр уг оношлогооны төв барих асуудал хөндөгдөж  нааштайгаар шийдэх болсноо Ерөнхийлөгч Ли Мён Баг хэлсэн” гээд удахгүй тус хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж