”Монгол мал” хэрэгждэггүй хөтөлбөрүүдийн нэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

”Монгол мал” хэрэгждэггүй хөтөлбөрүүдийн нэг үү?

Хэрэв Төрийн ордонд өчигдөр өрнөсөн бүхий л яриаг шүүж үзвэл мал аж ахуйн салбарын тухай зонхилох байв. Яагаад ордон ийнхүү нэг сэдвээр амьсгалсан бэ гэвэл энд “Монгол мал Үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил” улсын зөвлөгөөн ордны Их танхимд зохиогдсонтой холбоотой юм.  Энэхүү зөвлөгөөнд бүсийн зургаан аймгийн малчид, ХАА-ын мэргэжилтнүүд, засаг төрийн төлөөлөл гээд 500 гаруй төлөөлөгч цугласан байлаа.

Арван сарын өмнө батлагдсан уг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахад анхаарч, Ерөнхий сайдын ивээл дор дээрх зөвлөгөөнийг Төвийн бүс- Улаанбаатарт, Хангайн бүс-Орхон аймагт, баруун бүс-Ховд аймагт, зүүн бүс -Дорнод аймагт зохион байгуулахаар болсон нь энэ. Төвийн бүсийн энэхүү улсын зөвлөгөөнд ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон “Хөдөө аж ахуйн салбар түүний дотор уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй урт хугацааны ач холбогдолтой” гэж онцлов.

Мөн мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлт бий болгож орон нутагт малчдын хамтын зохион байгуулалтын хэлбэрүүдийг дэмжих замаар тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, сум бүрт амжилттай ажиллаж байгаа загвар хоршоодыг төрөөс дэмжиж урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах цогц бодлогыг хэрэгжүүлэхээ амлав.  Түүнчлэн зөвлөгөөнд оролцож буй төр, захиргааны удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд  малчдын талаар явуулж буй бодлогуудыг нарийвчлан судалж, алхам тутамдаа сурталчлан ойлгуулж, 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх чиглэлээр өнөөдрөөс эхлэн гурван сарын бүтээлч аян зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

УИХ-ын гишүүд ч энэхүү чуулганд оролцон хөдөө орон нутагт малчидтай уулзан асуудал газар дээрээ ямар байгаа талаар саналаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “дунд доод шатанд бодлого, хөтөлбөр хэрэгждэггүйн жишээ Монгол мал хөтөлбөр дээр ч харагдаж байна” хэмээн шүүмжлэв.

Зөвлөгөөний үеэр малчид ч өөрсдийн санал бодлыг илэрхийлж “бэлчээрийн даацад тохирсон малыг оноож, илүү гарсанд нь татвар ногдуулж байх, хөтөлбөрийн хүрээнд удмын сангийн цогцолбор тодорхой бүсэд байгуулах, Отрын үед бэлчээрийг хэрхэн хамгаалахыг хуульчлах хэрэгтэй, урамшууллын системийг хэрэглэхдээ мал, түүхий эдийн чанарыг харгалзах” зэрэг саналууд гаргалаа. Чуулганд гаргасан саналууд үндсэндээ мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлт бий болгох нь зүйтэй гэх санаанд зангидагдаж байсан юм.

Д.БАЛДАН-ОЧИР: аймаг, сумдын удирдлагуудын оролцоо чухал боллоо

-Мал аж ахуйг дэмжих төрийн бодлого хангалттай байж чадаж байгаа юу. Хөтөлбөрөөс юуг хүлээж болох вэ?

-“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдаад 10 сар болж байна. Монгол улсын 21 аймаг, 329 сумыг хамарсан өргөн хэмжээний энэ хөтөлбөрт оролцож, хамрагдахгүй байх хүн амын бүлэг бараг байхгүй нь харагдаж байна. Энэ хугацаанд мал эмнэлэг, үржлийн алба байгуулан дүрмээ батлаад, нэлээд хүмүүст сургалт явуулаад амжлаа. Одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо их чухал болоод байна. Түүнчлэн аймаг, сумдын удирдлагын зүгээс үүрэг их байх нь. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнгөрсөн жилийн төсөвт нэлээд хөрөнгө туссан. Ингэснээр хөтөлбөр санхүү, удирдлагын хувьд асуудалгүй болж байна. Гагцхүү дунд шатанд аймаг, сумдын удирдлагуудын оролцоо чухал боллоо гэсэн үг.  

Хэрэв энэ хөтөлбөрийг батлалгүй дахиад 5-10 жил болсон бол хямралд орсон мал аж ахуйг өөд нь татах ямар ч боломжгүй болох ч байсан биз. Төрийн зүгээс дэмжихээ илэрхийллээ. Одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг л ойлгож хичээх үлдлээ.

П.АЛТАНГЭРЭЛ:  бүс нутгийн онцлогт тохируулан боловсруулах шаардлагатай

-Энэхүү чуулганд орол-цож буй малчид бэлчээр ашиглахаас эхлээд хүндрэл үүсч байгаа талаар асуудал хөндөж байна. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй бол асуудал байсаар байх хандлага ажиглагдлаа?

-Бэлчээрийн хуулийг нэн яаралтай батлан гаргах шаардлагатай болсныг хэлж байна. Энэ хуулийн үндсэн санаа нь бэлчээрийг суурьшмал аж ахуйтай хослуулах тухай юм. Уг нь энэ хуулийг олон жил хэлэлцэж, олон удаа буцаж байгаагийн дээр байгаль орчин доройтож, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа энэ үед газар нутгийн бараг 80 хувь нь цөлжөөд байна гэж яриад байгаа мөртөө гаргахад хойрго хандаж байсан шүү дээ.  Өнгөрсөн хаврын чуулганд хуулийн төслийг буцаагаад малчдаас саналыг нь аваад ирэх чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр болсон.

-Малчид тэгээд ямар санал гаргаж байна даа?

-Бүс нутгуудад асуудал янз бүр байгаа. Иймд энэхүү харилцааг ганц зохицуулалтаар шууд зохицуулчихаж болохгүй юм байна. Говийн бүсийн малчид “бэлчээрийг ингээд эзэмшүүлээд өгчихөөр бид хэрхэх билээ. Бидний нөхцөл хүндэрнэ шүү” гэж байна. Ингэхээр бүс нутгийн онцлогт тохируулан нилээд боловсруулж байж хуульчлахгүй бол араасаа асуудал үүсгэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, говийн бүс, хангайн бүс, тал хээрийн бүсүүдэд ялгаатай хандах болж байна.

Т.БАДАМЖУНАЙ: хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг

-Яагаад мал аж ахуйн салбарыг чухал-члан Үндэсний хөтөлбөр гаргаж байгаа хэрэг вэ. Мал чинь хувийн өмчид байхад төрөөс дэмжих нь илүүц гэж үзэх хүмүүс бий?

-Мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа дээш нь татах, байгаль цаг уурын хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг дээшлүүлэх нь өнөөгийн болоод ирээдүйн зорилт боллоо. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд хүн амыг шууд бус байдлаар хүнс тэжээлээр хангадаг. Иймд энэ салбарт анхаарал хандуулахгүй байхын аргагүй. “Монгол мал” хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг энгийн үгээр хэлбэл мал сүргээ эрүүлжүүлье. Малынхаа чанарыг сайжруулж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлье. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах мал аж ахуйтай больё л гэсэн үг. 

 
Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж