Мадонна “Pussy Riot”-ыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Мадонна “Pussy Riot”-ыг дэмжив

Америкийн дуучин, жүжигчин, шоу урлагийн томоохон төлөөлөгч Мадонна өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтынхоо үеэр “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин гурав дахь удаагаа сонгогдохоос хоёр долоо хоногийн өмнө тус улсын “Pussi Riot” охидын панк хамтлагийнхан Москвагийн гол сүмийн өмнө “Гэгээн Мэри минь, Путиныг зайлуулж өгөөч” хэмээн дуулж, бүжиглэсэн гэнэ. Тиймээс хамтлагийн гурван гишүүн ял сонсох хэмжээнд хүрсэн нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагынхны анхаарлыг татаад буй билээ.

Дуучин Мадоннагийн тухайд “Pussy Riot” хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлэн тоглолтынхоо үеэр нуруун дээрээ хамтлагийн нэрийг бичүүлсэн байна. Мөн тэрбээр толгойдоо хар өнгийн баг зүүжээ. Тоглолтын үеэр тэрбээр нуруун дээрх “Pussy Riot” гэсэн бичгээ үзэгчдэд харуулж, багаа аваад, “Тэднийг өршөөгөөч” хэмээсэн гэнэ. Дараа нь Мадонна 1990-ээд онд хит болж байсан “Human Nature” дуугаа дуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж