Ашиглаж болдоггүй 2.1 тэрбум

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ашиглаж болдоггүй 2.1 тэрбум

Инфляци 11 хувьтай байна

Төв банк өнгөрсөн долоо хоногт гадаад валютын нөөц 2.1 тэрбум ам.долларт
хүрсэн тухай дуулгав. Хоёр жилийн өмнө ийм мэдээ дуулгасансан бол
жинхэнэ сенсааци болох байсан биз. Тухайн үед валют солих цэгүүдэд
ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэж, түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ
тэнгэрт хадаж байв. Ядаж байхад хойд хөрш сар тутамд нефтийн
бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг нэмж “чангалахыг” хэлэх үү, унтаад
сэрэхэд л шатахууны үнэ дор хаяж литр тутамдаа 200-300 төгрөгөөр
өсчихнө. Ам.доллараар зээл авагсдад банкны зээл нь давж дийлэхгүй ачаа
болон бууж, үйлдвэрээ хаахаас аргагүйд хүрч байв. Үнийн өсөлт үүгээр цэг
тавьсангүй, нэг оронтой тоонд хэлбэлзэж байсан инфляцийг  25 хувьд
хүртэл цойлдсон юм.  Үүнд санхүү эдийн засгийн хямрал нөлөөлсөн ч гэлээ,
гол шалтгаан нь төв банк валютын нөөцөө хангалттай бүрдүүлж чадаагүйтэй
холбоотой байсныг  хожмоо эдийн засагчид хатуу анхааруулж билээ.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.1 тэрбум ам.долларт
хүрчихсэн, ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж буй үед инфляци яагаад 11
хувьтай байна вэ. Уул уурхайн олборлолтын дүнд гадаад валютын ханш унаж,
монгол төгрөг  чангарч байгаа энэ үед зүй тогтлоороо бол инфляци буурах
ёстой биш билүү.  УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний талаар баримтлах
2011 оны бодлогод инфляцийг нэг оронтой тоонд барьж байх үүргийг
хүлээлгэсэн ч төв банк түүнийгээ биелүүлж чадаагүй л сууна. Харин ч биеэ
өмөөрцгөөн “Инфляци нэгдүгээр сард 14 хувьтай байсан бол хоёрдугаар
сард 11 хувь болж буурлаа. Санасныг бодвол гайгүй, ирэх сард нефтийн
бүтээгдэхүүний үнэ өсчихгүй бол инфляцийг энэ хэмжээнд бариад байх
бололцоотой” хэмээн  тайлбарлав. Янз нь ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ
үнийг нэмчихвэл, инфляци өсөх болно шүү гэдэг мессежийг одооноос эхлэн
олон нийтэд анхааруулж буй  бололтой.

Тэгсэн атал Хүний хөгжлийн сангаас сар тутамд олгож байгаа 21 мянган
төгрөгийн тухайд ам ангайсангүй. Засгийн газрын тэргүү­нээс жаахан
жийрхсэн юм болов уу. Учир нь төв банкны ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий
сайдад хандан “Сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийн хэлбэр
дүрсийг өөрчлөхгүй бол бид эндээс инфляцитай тулалдаад  үр дүн алга. Энэ
их бэлэн мөнгөний нийлүүлэлт иргэдийн гар дээр инфляци дагуулан очиж
байна” гэдэг үгийг хэлээд, “Битгий улстөржсөн мэдэгдэл хийгээд бай”
гэдэг хатуухан хариу сонссон нь хувь заяатайгаа эвлэрч, суухаас аргагүйд
хүргэсэн бололтой. Их, дээд сургуульд суралцаж байгаа 160 мянган оюутны
сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг оролцуулаад тооцоход Хүний
хөгжил сангаас энэ онд 805 тэрбум төгрөгийг  “цацахаар” шийдвэрлэсэн нь,
эцсийн дүндээ инфляцийг нэг оронтой тоонд барих оролдлого бүтэлгүйтсээр
шинэ онтой золгохын тодорхой жишээ болов.

Тэгтэл Монголоор нэг хүү багатай, урт хугацаатай зээл хайсан хүмүүс.
Жижиг, дунд үйлдвэр байгуулж, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой хэсэгт
энэ онд төсөвт суулгасан 30 тэрбум төгрөгийн зээл олддоггүй. Орон
сууцтай болох мөрөөдөлд автсан залуу хосуудын хувьд ч зээл торгуулийн
суманд очихтой адил нөхцөл шаардсаар.  Арилжааны банкуудын энэ чиглэлээр
олгож байгаа зээлийн жилийн хүү 12 хувиас дээш. Орон сууц санхүүжилтийн
корпорациас олгож буй зээлд хамрагдчихвал жилийн зургаан хувийн хүүтэй
зээл авч болох ч төрийн албан хаагчдыг хамруулах тул хувийн хэвшилд
ажиллагсад хойш шидэгдсээр. Горьдлого тээсэн зээл хайгчид Монголбанк
бодлогын хүүгээ бууруулчихвал арилжааны банкуудын зээлийн хүү буурчихна
гэж найдлага тавих ч төв банкныхны зүгээс мөддөө ийм бодлого
хэрэгжүүлэхгүй нь тодорхой болов. Монголбанкны бодлогын хүү одоо 11
хувьтай байгаа бөгөөд энэ хэмжээг бууруулчихвал арилжааны банкууд зээл
их хэмжээгээр олгож зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт эрс өсч,
инфляцийг улам хөөрөгдөнө гэж болгоомжилж байна.

Харин улстөрчид болоод эдийн засаг­чид тэдний дээрх бодлогыг
буруу­шаасан хэвээр. Төв банк бодит эдийн засгийг дэмжих бодлогыг
хэрэгжүүлэхгүй зөвхөн инфляцитай “тулалдсаар” суугаа нь эцсийн дүндээ
Монгол Улсын эдийн засгийг сөхрүүлж, зөвхөн уул уурхайгаас хамааралтай
орон болох замыг засч байна хэмээн тайлбарлаж байгаа юм. Төв банкнаас
гаргасан мэдээгээр Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн хоёрдугаар сард
139 сая ам.долларын алдагдалтай гарсан нь дээрх шүүмжлэл үнэнийг
дагуулж эхлэх мэт. Хэрвээ гадаад худалдааны алдагдал ийн үргэлжилсээр
байвал Монгол Улс дотооддоо юу ч үйлдвэрлэхгүй зөвхөн гаднаас бараа
бүтээгдэхүүнээ худалдаж авдаг орон болж,  энэ үед төв банк бодлогын
хүүгээ буулгах алхам хийлээ ч, орсон борооны хойноос цув нөмрөхийн үлгэр
болж, хоцрох бололтой.

 

Зээл өгөх бололцоотой юу?

 

УИХ-ын намрын чуулганаар Төрөөс мөнгөний талаар баримтлах 2011 оны
бодлогыг хэлэлцэх үед гишүүдээс гаргасан хамгийн чухал санаа нь эдийн
засгийн эргэлтэд орж чадахгүй төв банкинд хадгалагдсаар байгаа дээр
дурдсан 2.1 тэрбум ам.долларын  валютын нөөцийг зээл болгон хувиргаж,
хэрэгцээтэй хүнд нь хүргэх тухай байсан юм. Гэвч төв банкны ерөнхийлөгч
“Эхлээд та бүхэн иргэн бүрт сар тутамд олгохоор төлөвлөсөн 700 гаруй
тэрбум төгрөгөө бэлнээр биш, өөр хэлбэрээр олговол төв банк энэ гарцыг
хайж болно” хэмээн сөрж суув. Амлалтаа биелүүлэхгүй бол ард түмэн 2012
оны сонгуулиар тооцоо бодох нь тодорхой тул, гишүүдийн хувьд бэлэн
мөнгөний хэлбэр дүрсийг өөрчлөх сонирхол байсангүй, Монгол Улсын 2011
оны нэгдсэн төсвийг батлахдаа Хүний хөгжил сангаас энэ онд иргэдэд сар
тутамд 21 мянга, жилдээ 252 мянган төгрөг олгохоор болж, шийдвэрлэсэн
билээ.  Удахгүй УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж,  Монгол Улсын 2011
оны төсвийн тодотголыг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл тархаад байгаа ч,
сар тутамд инфляци үйлдвэрлэсээр буй Хүний хөгжлийн сангийн мөнгийг
буцаах шийдвэрийг зүрх зориг гарган парламент гаргахгүй нь тодорхой болж
эхлэв.

Тиймээс төв банк ч гүрийдгээрээ гүрийж, валютын нөөцөө зээл болгон
хувиргах алхмыг хайхгүй, бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг ч мөддөө
гаргахгүй нь. Гагцхүү Засгийн газрын хуралдаанаас гаргасан Монгол Улсын
Хөгжлийн банкинд зориулж, 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар
шийдвэрлэснийг ажил хэрэг болгоход л оролцох нь. Ингэснээр валютын
нөөцийн санд хуримтлагдсаар байгаа 2.1 тэрбум ам.долларыг Монгол Улс
зээл болгон ашиглаж чадахгүй, гагцхүү том тоо ярьцгаан “кайф” авахаас
цаашгүй нь.

Энэ бүхний эцэст 2011 оны төгсгөлд инфляци хэдэн хувьд хүрсэн байх
бол… Олон улсын валютын сангаас анхааруулсан “Хувь хишиг нэрээр тараах
бэлэн мөнгө 2011 оны төгсгөлд инфляцийг 25 хувьд хүргэнэ шүү” гэх
сэрэмжлүүлгэд бүү ойртоосой хэмээн найдах л үлдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж