Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд

ШҮҮГЧИД ХУУЛЬ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ГЭВ ҮҮ

Чингэлтэй дүүргийн шүүхээс гэм буруутай нь тогтоогдож хоёр жил дөрвөн сарын хорих ял сонссон АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн  хэргийн шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгч Б.Хишигбаатар  өнөөдөр шүүхээс гардан авна. Шүүхийн тогтоолыг авснаас хойш хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм байна. Гомдол гаргах үндэслэлээ өмгөөлөгч Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган нар “Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх явцдаа “Авлигын эсрэг хуулийн 31.1 дахь заалтыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна”  гэж тайлбарлаж буй. Тодруулбал Авлигын эсрэг хуулийн 31 дүгээр зүйлийн нэг дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүй албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ны өдөр АТГ-ын дарга Ч.Сангарагчаад үүсгэсэн эрүүгийн хэргийг энэ сарын 21-22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-р заалтыг үндэслэн дөрвөн сар хүртэлх хугацаагаар цагдан хорих, 87.1 буюу Төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жилийн хугацаагаар хорих, 133.1 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн хэрэгт буруутган, нэг жил хорих ялыг тус тус оноосон билээ. Шүүхээс түүнд үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 гэсэн зүйлчлэлтэй хэрэгт нэг жилийн хорих ял оноосон нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан бусад зүйл ангиар яллаж, түүнийг хоёр жил дөрвөн сарын хугацаанд ял эдлүүлэх шийдвэр гаргасан нь энэ юм. Мөн шүүхээс түүний төрийн алба хаах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргажээ. Анхан шатны шүүхэд түүнтэй хамт яллуулсан АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар ч тус бүр хоёр жилийн хорих ял сонсч, Ганц худаг дахь Урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа. Тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өмгөөлөгчид нь хэд хэдэн удаа очиж уулзжээ.

Д.СҮРЭНХОРЫН ЭХНЭРИЙН ХЭРГИЙГ ДАХИН ПРОКУРОРТ  ШИЛЖyyЛЖЭЭ

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорын эхнэр Д.Энх-Отгон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон хэргийг Тээврийн прокурорын газраас хоёр  удаа Замын цагдаагийн газар руу нэмэлт ажиллагаа явуулахаар буцаасан бол өчигдөр прокурорын хяналтад  дахин шилжүүлсэн байна. Өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр Д.Энх-Отгон нь  Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр  УНН70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашинаар 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон юм. Тэрбээр талийгаач эрэгтэйг дайраад УБТЗ-ын гал командын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хэсэг  хүртэл 750 метр газар чирсэн болохыг нь цагдаагийн ажилтнууд илрүүлсэн билээ. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас  шалгаж энэ оны нэгдүгээр сард  Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн ч  прокурорын даалгавараар  нэмэлт ажиллагаа явуулахаар  буцааж байжээ. Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл,   бусдын амь нас хохироосон, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах аж. Үүнээс гадна  тээврийн осол гарсан газраа санаатай орхиж зугтаасан гэх  үндэслэлээр  таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заажээ. Өнгөрсөн жилийн турш хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан түүний  нөхөр Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон.  Шүүхээс түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, гурван жил нь хасагдан, дөрвөн жилийн хорих ялыг биеэр эдлэх  шийтгэх тогтоол гарсан билээ. Тэрбээр одоо Тахир соёот дахь жирийн дэглэмтэй хорих ангид адуу маллаж байгаа юм.

АМГ-ЫН ДАРГА  Д.БАТХУЯГИЙГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН ХЭРЭГТ НЭМЖ      ШАЛГАНА

АМГ-ын дарга Д.Батхуягийг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий ашигт малтмалын бүс, ой сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хуулийг зөрчин 192 зөвшөөрөл бусдад олгосон гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас  сэжигтнээр татан шалгах даалгавар бичиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа. Харин албаны эх сурвалжийн мэдээллээр АМГ-ын дарга Д.Батхуягт албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нэмж хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.  Хэргийг шалгаж буй хууль хяналтынхны өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногоос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Д.Батхуягт холбогдох хэргийн мөрдлөгө хууль ёсны дагуу явагдаж буй эсэхийг хянан,  цаашид хэргийг яаралтай шалгаж дуусгах даалгаврыг прокуророос бичиж буцаасан байна. Одоогоор  АМГ-аас хууль зөрчин олгосон гэх 192 зөвшөөрөл олгосон баримт бичиг, тушаал шийдвэрийг нэг бүрчлэн шалгаж байгаа гэнэ. Мөн уг зөвшөөрлийг олгоход тус газрын ажилтнуудаас хэн ямар үүрэгтэй оролцсон эсэхийг тогтоох ажиллагаа явуулж буй аж. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд батлагдсан урт нэртэй хуулийг зөрчин олгосон 254 лицензийг цуцлах шийдвэр гарсан юм байна. Уг  254 зөвшөөрөл дотор дээрх 192 зөвшөөрөл багтаж буй эсэхийг шалгаж тогтоож, зөвшөөрөл олгосон газрын байршил, бүтцийг тодорхойлох гээд нарийн ажиллагаа хийх аж.

Д.БААСАН ЛАМЫГ ХОРДУУЛСАН УУ?

Арчиллын 13-ийн нэг гэгдэж явсан Д.Баасан лам өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд нас барсан. Талийгаачийн 49 хоног дууссаны дараа буюу энэ сарын 21-нд түүний эхнэр  З.Алтанцэцэг хэвлэлийнхэнд хандсан нь олон нийтийн анхаарал татав. Тэрбээр Д.Баасан ламыг улс төрийн зорилготой, хордуулж амь насыг нь хөнөөсөн хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр  өвчний улмаас бус хүчтэй хордолт, нойр булчирхайн цус харвалтын улмаас нас барсан гэх онош гарсан аж. Гэтэл анхны онош зүрх зогссоны улмаас нас барсан болж өөрчлөгджээ. Түүнчлэн Д.Баасан ламыг хордуулсан гэх нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байгаа. Талийгаачийн эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Баасан лам суугаагаараа амьсгал хураасан. Нас барсны дараа гарын хурууны бүх хумс нь харлаж, нүүрэн дээр нь толбонууд гарч ирсэн. Үүнийг оршуулгад оролцсон 200-300 хүн гэрчилнэ. Ямар ч өвчин хуучгүй хүн гэнэт нас барсан нь хүн болгоны гайхшралыг төрүүлж байна. Миний ханийг улс төрийн зорилготой хордуулсан нь гарцаагүй” гэж байсан. Талийгаачийн эхнэр З.Алтанцэцэг энэ хэргийн талаарх нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдээд байгаа юм.  Мөн тэрбээр Д.Баасан ламын 49 хоног ч дуусаагүй байхад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, “Эх орон, улс үндэстнээ аврах нэгдсэн хөдөлгөө”-ний гишүүн Д.Нинж нар “Eagle” телевизээр Д.Баасан ламын үхлийн шалтгааны талаар ярьсан нь монгол хүний ёс зүйд нийцэхгүй балмад үйлдэл гэх тайлбарыг  өгсөн юм.

Н.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж