Үзлэг, оношлогооны мэдээлэл нууц байх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Үзлэг, оношлогооны мэдээлэл нууц байх ёстой юу?

Жирийн иргэн, магадгүй олонх хүний хувьд автомашин гэдэг амь амьжиргаагаа залгуулах хэрэглээ болохоос бус гангараа биш байдаг. Өдөр тутмын амин зуулгаа залгуулж буй тэд автомашингүй л бол амьдрал зогслоо л гэсэн үг. Мэдээж автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцох нь иргэн хүний үүрэг. Хүлээсэн үүргийн дагуу машинаа үзлэг оношлогоонд оруулахын тулд дор хаяж 5-6 хоногийн ажил болох юм. Дээрээс нь замын хөдөлгөөний зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэн торгуулиа төлөөгүй бол үзлэг оношлогоонд оруулахгүй, эсвэл танил талтай л байхгүй бол бүтэшгүй гэж зарим хүн халагладаг. Иймээс Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохи­цуулалтын албаны Баянзүрх дэх салбарыг зорилоо.

 Өдөрт 200 гаруй автомашин үзлэг оношлогоо хийлгэж байна

Баянзүрх дэх салбарт онош­луулах гэж буй жолоочтой зэрэг­цээд дотогш ороод явчихлаа. Гэтэл тус салбарын менежер бүсгүй дээд удирдлагын зөвшөөрөлтэй байх шаардлагатай гээд ямар ч тайл­бар өгөхийг хүссэнгүй. Авто оношлогооны талаарх мэдээлэл гэдэг даргаас зөвшөөрөл авах хэмжээний нууцлалтай байдаг гэж үү. Уг нь бол үйлчилгээний газар гэдэг утгаараа нээлттэй байх ёстой газар баймаар. Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохи­цуулалтын албаны дарга Т.Болдбаатартай уулзаж, зохих зөвшөөрлийг нь авснаар тус онош­логооны төвд арайхийн хөл тавилаа. Т.Болдбаатар дарга “Авто тээврийн газраас тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хуучнаар дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд үзлэгт хамрагдах ёстой гэдэг утгаар нь оношлогооны төвүүдэд сүүлийн хэдэн өдөр ачаалал нэмэгдээд байгаа юм шиг байна. Үзлэг оношлогоо бүтэн жилийн туршид явагдана гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал. Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, төлбөр төлсний дараа үзлэг оношлогоонд оруулна гэдэг ямар ч хамааралгүй асуудал” гэсэн тайлбарыг өглөө. Тус оношлогооны төвийн оношлогч инженер Б.Зул “Сүүлийн үед ачаалал нэмэгдээд байгаа. Өдөрт 200-гаас дээш суудлын автомашин үзлэг, оношлогоонд орж байгаа. Үүнээс 20-30 хувь буюу 40-50 гаруй автомашин шаардлага хангахгүй гэсэн дүгнэл­тээр тэнцдэггүй. Тэнцэхгүй байгаа шалтгаан нь ихэвчлэн утаа ихтэй, өнгө үзэмж, муу  тоормоз, тэнхлэг тохиргоо, гэрлийн тохиргоо, дуу чимээний үзүүлэлт хангаагүй гэх мэт. Он гарснаас хойш нийтдээ 9231 тээврийн хэрэгсэл манай төвд үзлэг, оношлогоо хийлгэсэн” гэснээр хийх ажлаа үргэлжлүүлэв. Биднийг ярилцаж байх зуур саарал өнгийн “Соната-2” маркийн автомашинд үзлэг хийв. Энэ машины арлын дугаар, тээврийн хэрэгслийн үнэмлэх дээрх арлын дугаартай тулгалт хийснээр оношлогоо эхлэв. Дараа нь бүрэн бүтэн байдалд үнэлгээ хийнэ. Мөн автомашины арын яндангаар гарах утааны хэмжээг тодорхойлох багажаар хэмжилт хийхэд 3.2 хувьтай байснаар агаарын бохирдлын төлбөр төлөхгүй болов. Учир нь бензин хөдөлгүүртэй авто­машины нүүрсхүчлийн хийн хэмжээ 5.5 хувиас доош хэмжээтэй бол төлбөрөөс чөлөөлөх бол түүнээс дээш байгаа тохиолдолд 1800-9500 төгрөг хүртэлх төлбөр төлөх гэнэ. Харин дизель хөдөлгүүртэй автомашинууд 1500-5500 см хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаа­лаад  мөн дээрх хэмжээний төлбөртэй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд батлагдсан “Агаарын бохирдлын тухай” хуулийн дагуу нэг км зайд 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө гэсэн заалттай юм байна. Утааны хэмжилт хийсний дараа урд, хойд тэнхлэг, тоормоз, гэрлийн тохиргоог нэг бүрчлэн автомат багаж хэрэгслээр шалгаснаар үзлэг шалгалт өндөрлөв. Машин үзлэгт тэнцсэн эсэхийг инженерээс асуухад “Швед, Германы тоног төхөөрөмжөөр тоног­лосон бөгөөд оношлогооны төвийн босго давангуут бүх үйлдэл бичигддэг болохоор инженерүүдийн зүгээс үнэлгээ өгөх боломжгүй, сүлжээг хянаж буй мэргэжилтэн дээр очиход бүх дүгнэлт гарсан байх болно” гэж байв. Үнэхээр 2-3 минутын хугацаанд бүх дүгнэлт гарч, машин тэнцсэн тул замын хөдөлгөөнд жилийн турш оролцох эрхийн бичиг болох “2012” наалтаа авлаа. Мөн энэ үед н.Наранболд гэх залуугийн машин өнгө үзэмж, гэрлийн тохиргоогоор тэнцсэнгүй. Тэрбээр дараагийн долоо хоног хүртэл “халтуур” хийж, өнгө үзэмжээ сайжруулах хэдэн бор төгрөг цуглуулахаас өөр аргагүй боллоо гэсээр гарч одов.

Агаарын бохирдлын татвар жолооч нарт таалагдсангүй

Үзлэг, оношлогооны төвийн үүдэнд өглөөнөөс хойш ээлжээ хүлээн дугаарлах үй түмэн машин. Хоол болтол шийр зугаа гэгчээр энэ тэнд бөөгнөрөн зогсох хэдэн жолооч машин тэрэг, улс төр, үзлэг, оношлогоо, наймаа панз гээд ертөнцийн бүхий л зүйлсийг хамж шимэн “буу халцгаана”. Тэдэнтэй машины татвар нэмэгдсэн нь нөлөөлж байгаа эсэх зэргээр ярианы сэдэв өрнүүлэв. Ерөнхийдөө жолооч нарын хувьд энэ жилийн үзлэг, оношлогооны тус салбар зохион байгуулалт сайтай байгаад ам сайтай байв. Харин автомашины албан татвар урьд жилийнхээс 50 хувиар нэмэгдсэн, энэ жилээс тодорхой шалгуур үзүү­лэлтээр автомашин бүрээс авах агаар бохирдуулсны төлбөрт зэрэгт тийм ч таатай хандахгүй бай­гаагаа Баянзүрх дүүргийн иргэн Ж.Баяраа нуусангүй. Тэрбээр “Дунд болон дундаас доош өрхийн орлоготой иргэд л энэ төлбөрийг бүрдүүлнэ. Утаа, тортог хаясан муу машин биднийх. Бид задарсандаа бус, ядарсандаа энэ машинаар амь­жиргаагаа залгуулж байна. Гэрэл, тэнхлэг тохиргоонд асуудал байна гээд өчигдөр тэнцээгүй гарсан. Өнөөдөр бүгдийг нь янзлуулаад ирлээ. Одоо хоёр дахь удаагаа  орох гээд байж байна. Машинаа үзлэг, оншлогоонд бүрэн бүтэн оруулах гэж 100 гаруй мянган төгрөг зарцууллаа” гэсээр цааш холдлоо. Н.Баатар гуай өглөө 09:00 цагийн үед ирсэн гэнэ. Их үдийн хавьд үзлэг оношлогоо хийлгэн тэнцсэн гэсээр гараад ирлээ. Тэрбээр “Үзлэг оношлогоонд орох гэсэн эдгээр хүмүүс жинхэнэ үүргийнхээ дагуу яваа. Харин та­нил талаараа мөнгө, төгрөг өгөөд үзлэг, оношлогоонд орохгүйгээр “2012”-оо аваад гарч байгаа хүмүүс байдаг. Өнгөрсөн онд үзлэгт ороход тоормозоо янзлуулаад ир гэсэн. Засуулах газар ч олдоогүй. Маргааш нь хэвээрээ давхиад очтол зүгээр байна гээд тэнцүүлсэн. Өөрсдөө үзэмж хараад байна уу, багаж нь худлаа заагаад байна уу мэдэх юм алга” гэснээс харахад тэдэнд итгэх итгэл бага байгаа бололтой.

Оношлогоонд орохоор ирсэн жолооч нарын дийлэнх нь ямар хэмжээтэй утаа ялгаруулбал төлбөр төлөх, автомашины бүрэн бүтэн байдлын стандарт үнэлгээ гэх зэр­гийн талаар ямар ч мэдээлэлгүй. Түүнийгээ ч нуугаагүй.

Мөн улсын төсөвт 280 гаруй тээврийн хэрэгсэл албан татвар төлдөг гээд тооцохоор багагүй тоо гарна. Энэхүү мөнгө зам засвар, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зарцуулах ёстой ч замын чанар ямар байгаа билээ. Энэ бүхнийг татвар төлөгч бид төр засгаас шаардах эрх нь нээлттэй. Басхүү аливаа үйлчилгээний байгууллага хүн бү­рийн сэтгэлд хүртэл үйлчилж чадахгүй юмаа гэхэд ядахдаа эрх үүрэг, мэдэх ёстой бүх мэдээллээр хангасан байх учиртайсан. Нөгөө талаар нээлттэй байх ёстой төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэдээ байнга нээлттэй байдаг байгаасай.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж