-Б.Хурцын анхан шатны шүүх хурал болоод багагүй хугацаа өнгөрлөө. Давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох вэ гэх хүлээлт байна?
-Английн талаас давж заалдах шатны шүүх хурлын товыг бидэнд урьдчилан мэдэгдэх албагүй. Гэхдээ хуулийн хугацаа нь анхан шатны шүүх хурал болсноос хойш гурван сарын дотор давж заалдах шүүх хурлыг хийх ёстой байдаг юм билээ. Энэ нь гурван сарын дараа давж заалдах шүүх хурал болно гэсэн үг биш. Магадгүй маргааш ч бидэнд мэдэгдэж болно. Ерөнхийдөө цаад талын хугацаа гурван сар буюу тавдугаар сарын 18 хүртэл гэсэн үг.
-Давж заалдах хуралд шинээр нотлох баримт оруулах боломж байдаг юм уу?
-Цоо шинээр оруулсан зүйл байхгүй. Монголын талаас болон Б.Хурцын өмгөөлөгчийн зүгээс шаардлагатай нотлох баримт, үндэслэлээ ойлгомжтой, тодорхой болгож тавьсан.
-Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гарсны дараахан улс төр, эдийн засгийн ашиг сонирхол байсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Ажлын хэсгийнхэн ч бодит нөхцөл байдлыг дарагдуулж байсан юм биш үү?
-Үүнд ямар ч улс төрийн ашиг сонирхол байхгүй. Б.Хурцыг Герман улсын хүсэлтээр баривчилсан. Англи улс гэдэгтээ гол нь биш юм. Учир нь Б.Хурцыг Европын холбооны 27 улсын алинд ч явсан баривчлах л байсан шүү дээ. Харин Ажлын хэсгийнхний хувьд Б.Хурцыг эх орондоо авчирна гэж итгэж, найдаж байсан. Тухайн үед бид мэдээллийг үнэн зөвөөр цаг тухайд нь мэдээлсэн гэж хэлмээр байна.