Билэгдлийн чанартай албан тушаал биш

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Билэгдлийн чанартай албан тушаал биш

Тэргүүн дэд дарга билэгдлийн чанартай албан тушаал биш

Өнгөрсөн бямба гаригт Иргэний зориг намд Монголын Ногоон нам нэгдсэн. Нэгдэх эсэх талаар нэлээд маргаан дуулиан дэгдэж, одоо ч зарим хүний эсэргүүцэл тэмцэл намжаагүй байгаа. Намуудын нэгдлийн талаар ИЗ-НН-ын дэд дарга С.Оюунтай ярилцсан юм.

-Иргэний зориг намд Мон­голын ногоон нам нэгдэж даргаар нь УИХ-ын гишүүн Д.Энхбат сонгогдлоо. Та тэргүүн дэд дарга болсон нь билэгдлийн чанартай юм шиг ажиглагдаж байна?

-Намын тэргүүн дэд дарга намын дотоод ажилд хамгийн их үүрэг хүлээдэг. Анхан шатны сонгуулиас эхлээд намд өрнөж байгаа олон ажлыг зохион байгуулдаг. Ялангуяа дараагийн парла­ментын сонгууль ойртож байгаа энэ үед эв нэгдлээрээ илүү их эрч хчтэй ажиллана гэж бодож байгаа. Түүнээс биш билэгдлийн чанартай гээд ажлаа өгөөд хойш сууна гэсан асуудал байхгүй. Д.Энхбат даргын хувьд надаас илүү сайн улстөрч болохоор нэгдсэн намыг илүү сайн удирдаж чадна гэдэг итгэл надад ч, бас намын гишүүдэд байна. Ийм учраас намын даргаар сонгосон.

-Намын дүрэмд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан, энэ талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

-Бид маргааш /өнөөдөр/ хэв­лэлийн бага хурал хийж нарийн мэдээ мэдээлэл өгнө. Нэгдсэн намын дүрэм бол ерөнхийдөө ИЗН-ын дүрэмд тул­гуурласан. ИЗН-ын дүрэм маш чамбай боловсруулагдсан улс төрийн намуудын дүрэмд нийц­сэн маш сайн дүрэм. Ямар өөрч­лөлтүүд орсон гэхээр бодлогын зөвлөл гэж байсныг Бодлогын хороо болгосон, намын Үндэсний хороо 200 гишүүнтэй байсныг бод­логын чанартай ажил хийлгэх үүд­нээс өргөтгөсөн байгаа. УИХ-ын байнгын хороотой ерөнхийд нь ижилсүүлээд зургаан бодлогын хороо бий болгож байгаа. Тодорхойлбол, Аюулгүй байдал, Төсөв, Эдийн засаг, Ногоон хөгжлийн бодлого, Гадаад харилцаа, хууль зэрэг чиглэл чиглэлээрээ Үндэсний хорооны гишүүд хуваагдан, бодлогын асуудлуудыг судалж санал гаргадаг байх юм.

Нэгэнт улс төрийн намын ажил хийж байгаа учир хэзээ нэгэн цаг дарга болохоо  хүлээгээд суулгүй нийгмийн идэвхтэй байгж улс оронд болж байгаа бодлогыг анхаарч, сайныг нь дэмжиж, саарыг нь өөрчлөх альтернатив юу байна гэх зэргээр бүтээлчээр бодож гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гурван гишүүн биш төлөөлөн удирдах бүх хүмүүс асуудалд нэвтэрч ажилладаг бүтэцтэй болъё гэж шийдсэн. Эдгээр бодлогын хороодын дарга нар намын нарийн бичгийн даргын статустай байна. Өөрөөр хэлбэл, ИЗ-НН зургаан нарийн бичгийн даргатай байх юм. Шинэ дүрэмд заасан өөр нэг асуудал нь Улс төрийн зөвлөл 31 гишүүнтэй байсан бол 40 гаруй болсон, намын дэд дарга дээр тэргүүн дэд  дарга гэж нэмсэн зэргээр бүтэцтэй холбоотой цөөн хэдэн өөрчлөлт оруулсан. Үзэл баримтлалын хувьд либериал ардчилсан үзэл хэвээрээ. Гэхдээ ногоон хөгжлийн бодлогыг тэргүүлэх бодлого болгоно гэж тодотгосон байгаа.

-Ирэх 2012 оны парламен­тын сонгуульд танай нам нэр дэвшигчдээ ямар байдлаар тод­­­руулах бол. Хэдийгээр нэг­­­дээд нэг нам болоод явж бай­­­­гаа боловч хоёр талаас нийл­­­сэн хүмүүсийн хувьд үл ойл­­­голцол, сөргөлдөөн гарч болох л бус уу?

-Намын удирдлага, дарга, нарийн бичгийн дарга нар, Улс төрийн зөвлөлөө бид 50:50 хувиар бүрдүүлсэн. Үндэсний хороогоо анхан шатны байгууллагаасаа хуралдаад дүрмийн дагуу бүрэл­дүүлнэ. Сонгуульд нэр дэвших асуу­­далд тэртээ тэргүй нэр дэвшигч асар их зориг, санхүү гаргаад ч үр дүн нь тодорхой бус байдгаас үл хамаараад улс төрийн зориг гаргаад нэрээ дэвшүүлж байгаа. Нэг үгээр улс төрийн итгэл үнэмшлээр дэвшиж байгаа болохоор багтаж ядаад сөргөлдөөд байх зүйл үгүй байх. Харин би анхныхаа иргэл үнэмшилд үнэнч урам хугарч няцалгүй явж байгаа гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Түүнээс эрх ашгаа бодоод эрх барьж байгаа намд орсон бол хамаагүй хурдан амжилтад хүрэх байсан. Сонгуульд нэр дэвших хүмүүс манай намд хангалттай байгаа. Сонгуульд яаж оролцох гэдэг тактик боловсрулах хэрэгтэй. Энэ орон зай манайд байна, зөв бодолтой олон түмний дэмжлэг хүлээж байгаа улстөрчид гараад л ирнэ.

-ИЗН, БНН-тай нэг­дэж байгаад салсан. Б.Жар­галсайхан дарга та хоёрын хооронд ямар маргаан болсон юм бол?

-Ганц зүйлд санал нэгдээгүйгээс болж энэ эвсэл задарсан. Бид 2002 онд БНН-тай нэгдсэн. Гэтэл 2003 оноос эхлээд 2004 оны сонгуульд эвсэх үгүйгээс болоод зөрчил гарсан. Бид “Эх орон ардчилал” эвсэлд нэгдэж байж сонгуульд орно, нэгдэхээс өөр аргагүй гэсэн бодолтой байсан. Харин үүнийг Б.Жаргалсайхан дэмжилгүй тусдаа намаа байгуулаад гарсан. Ийм гашуун туршлага байгаа учир бид МНН-тай нэгдэхийн тулд өнгөрсөн хавраас эхлээд яаж хамтрах, дүрмээ яаж нэгтгэх, тэнцвэртэй байх, дараагийн сонгуульд ямар тактик баримтлах зэрэг олон асуудлаар ярилцсан. Зөвхөн БНН биш, Монголын төлөө нам, Эв нэгдлийн нам гээд гурван ч нам манайд нэгдэж, зөрчилдөөн бус харин их хүч нэмж байсан. Б.Жаргалсайхан их хүчтэй хүн, хүчтэй улстөрч. Тэгээд өөрийн гэсэн хатуу байрь сууриар олонхийн санал хамаагүй гээд гараад явсан. Тэгээд одоо болтол гомдолтой байдаг юм шиг байна. Бид бол Жагаагийн хойноос нэг их олон юм ярьдаггүй. Жагаа болохоор одоо болтол гомдолтой, нэг авгай шиг гэх юм уу гомдол гаргаад яваад байдаг. Энэ ямар хувийн өс хонзон биш тодорхой асуудал дээр байр суурь өөр байсан, тэгээд л тусдаа явсан, би ерөөсөө гомдолдоггүй. Манай Жагаа тэгж байгаад 10 жилийн дараа ойлгоно биз.

-Одоо нэгдсэн нам дахиж бутрахгүй гэх баталгаа байна уу. Өмнө нь Д.Энхбат “Би тааж мэддэг хүн биш” гэж байсан?

-Ийм асуудал гарахгүй гэдэгт одоо би итгэлтэй байгаа. Харин О.Бум-Ялагч намын дарга байсан бол нэгдэнэ, сална гэсэн асуудал үүсээд байж болох байсан байх. Нэгдэхийг эсэргүүцсэн хүн манай намд байсан. Гэхдээ асуудлаа хэлэлцээд олонхоороо, намын дүрмийн дагуу шийдсэн. Аль ч улс төрийн намд ямар нэг асуудал хэлэлцэхэд 100 хувь бүгд дэмжинэ гэж үгүй. Нэгдэх асуудалд би МНН хурлаа хийгээд гишүүд нь нэгдэнэ гэвэл бид хүлээн зөвшөөрнө. Эсрэгээрээ байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн санаагаа хэлсэн. Намын олонх нэгдэнэ гэсэн. Нэгдэхгүй гэсэн цөөнхөд дуу хоолойгоо нэлээд өргөсөн.  Би тэдний өмнөөс цэцэн мэргэн болоод яахав гэж бодсон.

-УИХ-ын нэг гишүүний блогт танай хоёр намыг Н.Энх­баярыг дарахын тулд МАН-ын захиалгаар нэгдсэн гэсэн зүйл гарсан байсан. Энэ талаар юу гэх бол?

-Тийм зүйл байхгүй. Иргэд хоёр том намын төрийн эрхэнд байснаас улс төрийн гуравдагч хүчин гарч ирээсэй гэж хүсч байгаа байх.

-Монгол Улсын Ерөнхий про­куророор Д.Дорлигжав С.Зориг агсны хэргийг ил­рүүлэх явц удааширч байна гэж хэлсэн. Сүүлийн үед та энэ талаар ямар нэг зүйл ярьж сонсогдсонгүй. Хэрэг юу болж байгаа бол?

-Сэтгүүлчдийг асуухад би ярьсаар байгаа. Харин хариуцаж байгаа ажлын хэсгийнхнээс та нар асуугаач. Хэрэг түдгэлзээгүй, мөрдөн байцаах ажлын хэсэг ажиллаж байгаа, хэргийг илрүүлэхийн төлөө явж байгаа гэдэг хариу өгсөн хэвээрээ. Олон жил илрэхгүй удах тусам улс төрийн захиалгатай байсан учир илрүүлэх хүсэл тэмүүлэл байхгүй, одоо ч илрэхгүй байгаа юм уу гэж бодох болсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг шинээр сонгогдох бүрт энэ асуудалд анхаарал хандуулахыг би хүсдэг. Гэхдээ дарга нар нь улс төрийн хүсэл зориг гаргах байх гэж найдаад, бас мөрдөн байцаах залуучуудад найдаад одоо бараг найдлага тасрах гэж байна л даа. УИХ ажлын хэсэг байгуулсан ч  ажил олигтой урагшлахгүй л байна. Хэргийн газарт анх мэргэжлийн маш бүдүүлэг алдаа гаргасан гэдэг. Улс төрийн аллага болоод тэр юм уу улс төрийн хүсэл зориг гараагүй байх. Улс төрийн захиалгын сэдэл талаас нь биш, аллага гүйцэтгэгч талаас нь хөөгөөд байдаг. Тэр нь одоо байгаа ч юм уу, үгүй ч юм уу мэдэгдэхгүй гээд олон шалтгаан байгаа байх. Уг нь энэ талаар хэлэх хүн нь би биш л дээ. Сэтгүүлчид олдож байгаагаар нь надаас асуудаг, хариуцаж байгаа Хууль зүйн сайд, Тагнуулын газрын дарга, Ерөнхий сайд, албаны хүмүүс хариу өгөх ёстой. Гэтэл ерөөсөө хариу хэлдэггүй, дуугардаггүй юм шиг байсан. Би яг мэргэжлийн мөрдөн байцаагч биш, гэхдээ зах зухаас нь сонирхоод захиалгат аллага байвал гүйцэтгэгч болон захиалагч талаас нь хөөж нийлж байж батлагддаг. Хэрэв тэгэхгүй бол улс төрийн сэдлээр нь баахан хөөж байгаад тэгээд орхидог юм билээ. Бусад орны том улстөрчдийн хэрэг аллагыг хараад байхад тэр болгон бүрэн дүүрэн хариулт авч шийдэгдээгүй байлаа ч гүйцэтгэсэн хүнийг олж тогтоосон тохиолдол байдаг. Ямар нэг байдлаар энэ хэргийг илрүүлж чадахгүй байгаа нь Ардчиллын 20 жилийн хамгийн том хар толбо мөн шүү дээ. Ядаж улс төр талаас нь нээлттэй болгох юмсан.

-Та алдарт зөн билигч Нора­тай уулзсан гэсэн. Магадгүй далдын зүйл хэлж өгсөн байх?

-Зөн билигч Норатай уулзахын хувьд уулзсан. Гэхдээ юу юугүй яг тэр байна гээд заагаад өгөх боломжгүй юм билээ. Гэхдээ бидний таамаглаж бодож байгаачлан захиалгат аллага гэж хэлж байсан. Улс оронд ихээхэн хохирол учруулах шийдвэрийн эсрэг зогсч байсан учир аллага болсон гэж хэлсэн.

-Ах тань бусдын гарт амь үрэгдсэн болохоор ээж тань бурхан болохдоо таныг өөр замаар яв гэж байсан болов уу?

-Яг тэгж хэлж байгаагүй ээ. Гэхдээ “Миний охин заавал энэ улстөрд байх хэрэгтэй юм уу гэдэг л байсан. Гэхдээ “Нэг их захиж үлдээгээд байх юу байх вэ, өөрийнхөөрөө яв даа” л гэдэг байсан. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайдад хүртэл хувиараа уулзаж хэлээд бичгээр шахаж шаардаад ч ямар ч нэмэр гарахгүй байхаар хэцүү байна. Ажлын хэсгийн хүмүүс нь, олон улсын экспертүүдтэй ажиллаад манайхан сүрхий дэмжлэг туслалцаа авдаггүй юм шиг байсан. Тэгээд цаашаа яахаа мэдэхгүй, шинэ сэжүүр байхгүй болохоор яах вэ. Тухайн үед даргалж байсан МоАХ-ны тухайн үеийн хүмүүс дуугарах цаг нь болсон байх гэж би олон удаа хэлсэн дээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж