Ч.Амарболд нарын хэрэгт шүүгч томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарын хэрэгт шүүгч томилжээ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, шүүгдэгчдэд ял оноосон. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6,6 жил, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5,6 жил, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ял тус тус оноосон. Гэвч Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдсанаар ялгүй хоцорсон.

Гэтэл тэдний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь өнгөрсөн долдугаар сарын 20-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрсөн гэх гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм. Нийслэлийн шүүхээс хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралд оролцох бүрэлдэхүүнийг өчигдөр томилжээ. Тодруулбал, илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэнг томилсон байна. Шүүгч хэргийг хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор багтаан тухайн хэргийг хянан хэлэлцдэг тул энэ сард багтаан цагдаагийн экс дарга нарын гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэх бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж