Профессор Ларри Даймонд Монголд

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Профессор Ларри Даймонд Монголд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд хүрэлцэн ирэхээр болсон билээ. “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах эдгээр хүндтэй зочид бол АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессор, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар юм.

Тэдний тухай товч танилцуулга толилуулж байна.

Профессор Ларри Даймонд

Тэрээр Ардчилал, хөгжил ба хуулийг дээдлэх төвийн /CDDRL/ захирлын алба хашдаг. Энэхүү төв нь ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Даймонд АНУ-ын Төрийн департамент, НҮБ, Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төр засгийн болоод олон улсын нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байлаа. Энэ нь түүнийг ямар нэр хүндтэй, олон улсад танигдсан мэргэжилтэн болохыг нотлон харуулж буй билээ.

Нэгэн зүйлийг дурдахад Даймонд 2004 онд Иракийн шилжилтийн Засгийн газарт ахлах зөвлөхөөр уригдан ажиллажээ. Ийнхүү уригдсан нь ардчиллын талаар хуримтлуулсан арвин баялаг мэдлэг туршлагатайг, бас түүнийг зөвшөөрч ажилласан нь ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлийг нь илтгэж буй юм. Рузвельтийн хүрээлэнгийн гишүүн, “Ардчиллын сэтгүүл”-ийн үүсгэн байгуулахад гар бие оролцож, нэрт эрдэмтэн Аббас Милани болон Майкл Макфолын хамтаар Хуверийн хүрээлэнгийн санаачилсан Ираны ардчиллын төслийн удирдагчийн албыг хашдагтаа тэрээр бахархаж явдгаа дурдсан байдаг.  

Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүст ардчиллын үнэ цэнийг таниулахын төлөө оруулсан олон жилийн хүч хөдөлмөр, хувь нэмрийг нь үнэлж Ларри Даймондыг 2007 онд АНУ-ын Стэнфордын их сургууль оны тэргүүний багшаар тодруулж байжээ.  

Аливаа улс орны эдийн засгийн хөгжлөөс илүүтэйгээр засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах нь чухал бөгөөд ардчилсан улс орон бүр үүнд гол анхаарлаа хандуулах ёстой гэж Даймонд үздэг. Хэрэв ингэж чадахгүй бол хэчнээн их ашигтай ажиллаа ч эдийн засгийн өсөлт нэмэгдэхгүй ажээ.

Ларри Даймонд нь 2008 онд “Ардчиллын амин сүнс” номоо хэвлүүлсэн нь дэлхийг донсолгосон юм. Энэ ном дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдэж, Хойд Америк, Латин Америкаас гадна Европ, Азийн олон оронд худалдаалагджээ. Дэлхийд энэ ном нийтдээ 12 сая  борлосон гэсэн албан бус тооцоог “Эйшиа Таймс” сэтгүүл гаргасан байдаг. Энэхүү ном нь гадаад дотоодын 14 сэтгүүл, сонин хэвлэл, онлайн эх сурвалжаас тодруулсан оны шилдэг номоор шалгарч байв.  

“Ардчиллын амин сүнс” номоос гадна Ларри Даймондын “Эмгэнэлт ялалт: Иракт ардчилал авчирах гэсэн болхи оролдлого”, “Хөгжиж буй ардчилал”, “1990-ээд оны ардчиллыг дэмжих нь”, “Нигери дэх анги, үндэс угсаа ба ардчилал”, “Хөгжиж буй орнууд дахь улс төрийн соёл ба ардчилал” зэрэг бүтээл туурвижээ. Мөн Даймонд ардчиллын талаарх 36 номын ерөнхий болон туслах редактороор ажиллажээ. Түүний гар хүрсэн ном бүхэн нь төгс төгөлдөр бүтээл болж, уншигчдын таалалд яв цав нийцдэг байна.  

Даймонд өөрийн “Ардчиллын амин сүнс: Дэлхий нийтэд эрх чөлөөт нийгэм үүсгэн байгуулахын төлөөх тэмцэл” номдоо “Аливаа ардчилсан засаг төр иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний оролцоог дэмжин, эрх чөлөө, хүний эрхийг нь хайрлан хамгаалж, эсэргүүцэж босоход нь тэвчиж, эрж хайсан бүхэнд нь хариу өгөх ёстой” хэмээсэн байдаг.  

Тэрээр өөрийн бүтээлүүддээ дэлхий нийтийг нэрвэсэн хямрал, ардчиллын хөгжил, түүнд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тухайлбал дэлхий нийтийн ялангуяа хөгжиж буй орнуудын ардчиллын уналтыг цөөн хэдэн нөлөө бүхий гүрэнтэй холбон тайлбарлажээ. Эдгээр улс орны төр засгийн удирдлагын явуургүй үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд ардчилалд өгсөн ард иргэдийн итгэл найдвар буурч, нэр төр нь булингартаад байгаа аж. Түүний үзэж буйгаар гүйцэтгэх засаглалын үр дүнтэй үйл ажиллагаа хамгаас чухал юм. Хэрэв Засгийн газар шударга, эрх тэгш, найдвартай орчин бий болгохгүй бол эдийн засгийг дэмжих бүхий л арга хэмжээ талаар болох ажээ. Энд тэрээр Кенийн жишээг татсан байдаг. Кенийн Ерөнхийлөгч Кибаки улс орноо удирдаж, эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг ард түмэндээ авчирчээ. Гэтэл тэрбээр авлигын асуудлыг орхигдуулсны улмаас ард түмний бухимдал даамжирч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд хүргэсэн байна.  

Иймээс аливаа ардчилсан улс орны нэн тэргүүний чухал асуудал нь засаглалыг батжуулахад оршиж байх ёстой гэдэгт Даймонд бат итгэлтэй болжээ. Хэрэв ингэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг зорин араатан шинжтэй болдог байна. Нэгэнт ийм болсон үед аливаа нийгмийн адгууслаг шинж төрх илэрч, зөвхөн өөртөө баялаг хуримтлуулахын төлөө өрөөлийн эрх ашгийг уландаа гишгэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, засаг төрийнхөө хөрөнгөөс хумслах нь наад захын асуудал болдог ажээ.  

Иймээс АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд ардчилал бүрэлдэн тогтож эхэлж буй улс орныг зөвхөн хөрөнгө мөнгөөр дэмжих бус тэдгээрт бүхий л арга замаар туслах ёстой гэдэгтэй Даймонд санал нэг байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж