
Оросын шигшээ багийн ахлагч Андрей Аршавин болон түүний нөхөд өнгөрсөн бямба гаригт “Евро 2012”-ын урьдчилсан шатны В хэсэгт Армяны багийн талбайд хуурай тэнцсэн. Тиймээс Дик Адвокаатаар удирдуулсан баг Ирланд болон Словакийн багтай адил 10 оноотой энэ хэсгийг тэргүүлж байгаа юм. “Бид энд ялалт байгуулахаар ирсэн. Яагаад гэвэл бид ялалт байгуулаагүй нэлээд удлаа. Тиймээс энэ боломжийг л ашиглах хэрэгтэй. Эндхийн зүлэг ч их гоё юм. Бас Катарын ХБХ-ны хийж буй ажил их таалагдаж байна. Бид энд өөрсдийгөө харуулах ёстой” хэмээн Аршавин ярьжээ. Харин Катарын шигшээ багийн шинэ дасгалжуулагч Милован Раевацад “Энэ бол багтайгаа танилцах маш сайхан боломж” хэмээнсэн байна. Серби мэргэжилтэн өмнө нь Ганын шигшээг амжилттай удирдаж, дараа нь урилгаар Катарыг дасгалжуулах болсон билээ. Энэхүү нөхөрсөг тоглолт Монголын цагаар 00.30 цагаас Доха хотын Яссим Бин Хамад цэнгэлдэхэд явагдана.