“Засаг байгуулах гэрээнд эргэлзэх зүйл байхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

“Засаг байгуулах гэрээнд эргэлзэх зүйл байхгүй”

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Танай бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Бид эвслийн бүлгийн хурлаараа  бүлгийнхээ ажлын албыг бүрэн байгуулж дууссанаа ярилаа. Бүлгийнхээ ажлын албадын ажилтнуудад чиг үүрэг өгч, УИХ ын намрын чуулган хүртэл бүлгийн гишүүдийн санаачлах хуулийн төслүүд, хяналт шалгалтын ажилд орж ажиллах ажлын хэсгүүдийн талаар санал солилцлоо.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял оноосныг “Шударга ёс”  эвслийнхэн “Улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж үзэж байгаа. Энэ талаар бүлгийн хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Н.Энхбаяр даргад ял оноосонтой холбогдуулан гишүүд саналаа солилцсон. Анхан шатны шүүх дээр алдаа их гардаг юм байна. Бид шүүхийн алдаа болов уу гэж харж байгаа. Дээд шатны шүүхийн байгууллага гаргасан алдааг нь засаад явдаг. Тиймээс дараагийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх дээр гарсан энэ шийдвэрээ эргэж хараад засна байх гэдгээ гишүүд хэлсэн.

-МАХН-ын даргад ял оноосонтой холбогдуулан танай эвсэл хамтарсан Засгийн газарт орох эсэхээ шийднэ гэсэн. Энэ талаар “Шударга ёс” эвслээс ямар шийдвэр гаргасан бол?

-Бид АН, ИЗНН тай хамтраад хамтарсан Засгийн газар байгууллахаар яриа хэлэлцэл хийж, эхний уулзалтууд амжилттай болж гэрээ байгуулсан. Гэрээг баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулаад шүүхээс Н.Энхбаяр даргад холбогдуулж гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлээч гэсэн саналыг АН-д тавьсан. АН-ын бүлгийн даргатай  уулзаад энэ чиглэлийн саналаа хэлэхэд “Намынхаа удирдлагуудтай ярилцая, зөвлөлдөе” гэж хэлсэн. Тэгэхээр “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс хамтарсан Засгийн газар байгуулахаар хийсэн гэрээнд эргэлзээтэйгээр хандсан зүйл байхгүй гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж