Ганцаардсан Сирид гар сунгах ачтан хэн бэ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Ганцаардсан Сирид гар сунгах ачтан хэн бэ

Арабын хавар хамгийн хахир хатуу үргэлжилж байгаа улс орон гэвэл эдүгээ Сири болоод байна. Нэгэн цагт амар амгалан, элбэг хангалуун, идэх хоол, өмсөх хувцсаар дутагдаж гачигдахын зовлонгүй  амьдарч байсан орон бол Сири.

“Толгой байвал Дамаскаас малгай олдоно” гэх дэлхий нийтэд тархсан үг бий. Үнэхээр Дамаскт  нохойн битүү туурай, ногоон хурганы арьсаас бусад нь бий хэмээн хэлэлцдэг байсан гэдэг. Торгоны их замын тоост их цуваа энэ хотыг зорин  хөвөрч байсан нэгэн цагийн үнэн буй. Хэдийгээр тус улс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон гэсэн тодотголтой ч усан замын болон хуурай замын харилцааны чухал зангилаа, гадаад худалдаа хөгжих таатай орчин бүхий газар нутагтай. Сирид дэгдээд байгаа иргэний дайн энэ орны эдийн засгийг туйлдуулж гүйцээд байна.

Дамаск саяхан Москвагаас хатуу валют гуйлаа. Эдүгээ Б.Асадын дэглэмийн түшиж тулах ганц найдвар нь ОХУ болж  байна. Сирийн сангийн сайд Мухаммед Жлейляти Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр “Оросууд бидний хүсэлтийг авч үзэхээ илэрхийлсэн” хэмээн мэдэгджээ. Сайдын хэлснээр ОХУ асуудлыг нааштайгаар шийдвэрлэвэл Сири нүүрлээд байгаа хямралаа гэтлэн давах гэнэ. Харин Дамаскт хэдий хэрийн хатуу “мөнгө” хэрэгтэй байгаа нь тодорхойгүй байна. Иргэний дайн, барууныхны өөгшүүлж байгаа Асадын эсрэг хүчний бослого тэмцэл, олон улсын зүгээс хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ Сирийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд байна. “Сирийг цагираглан хаагаад байгаа эдийн засгийн хоригийг даван туулах нь одоогийн хамгийн чухал зорилт болж байна” хэмээн Сирийн сайд онцолжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Москва Дамаскт газрын тос нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд харин энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь толгойны өвчин болж байгаа бололтой.

Сирийн эдийн засаг хориг арга хэмжээг тэсвэрлэнэ гэдэг нь угаасаа эргэлзээтэй асуудал. Учир нь тус улсын эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй болдог бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүний 28 хувь нь дан ганц хөвөнгийн тариалалтаас бүрддэг ажээ. Гэхдээ энэ бол итгэж найдах шалтгаанаар эргэлзээтэй. Учир нь хөвөнгийн тариалалт нь бүхэлдээ цаг агаараас хараат байдаг. Харин үйлдвэрлэлийн салбараас хамгийн түлхүү хөгжсөн нь нефть, хий олборлох үйлдвэр юм. Энэ салбар үндэсний нийт бүтээгдэхүүнийх нь 14 хувийг дангаар бүрдүүлдэг. Гадаад худалдаа нь алдагдалтай, мөнгөний ханшийн уналт есөн хувиас давдаг гэсэн таагүй үзүүлэлттэй. Гэхдээ энэ улс бас терминал буюу нефть хадгалах байгууламж, Баниясын ачиж буулгах хүчирхэг усан порт зэргээрээ бүс нутагтаа тэргүүлдэг. Сирийн эдийн засгийг энэ бүхнээр төсөөлнө гэвэл өрөөсгөл болно. Тус улс фосфоритын томоохон үйлдвэрлэгч бөгөөд төмрийн хүдэр, хром, байгалийн асфальт олборлохоос гадна ураны боломжийн нөөцтэй орон.

Хориг арга хэмжээ хэрэгжихээс өмнө Сири газрын тосноос гадна хөвөн, арьс ширэн болон оёмол бүтээгдэхүүн, фосфор, угаалгын бодис зэргийг экспортолж, гаднаас авто машин, үйлдвэрийн тоног төрөөоөмж, хар болон өнгөт металл, мод, цахилгаан бараа зэргийг авдаг байсан юм. Дамаск эдийн засгийн харилцаагаараа Европын. Холбоо, Япон, Иран зэрэг оронтой ихэд ойр дотно түншилдэг байв. Гэвч одоо тэдгээр орнууд бүгд нүүр буруулчихаад байна. Мөнхийн нөхөрлөл гэж байддаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдгийн нотолгоо энэ буюу.

Олон улсын зүгээс хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээний улмаас энэ орны эдийн засаг асар их алдагдалд орж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эцсийн байдлаар гэхэд энэ алдагдлын хэмжээ хэдийнэ дөрвөн тэрбум ам.доллар даваад байсан юм. Сиричүүд юуны түрүүнд ахуйн хий болон өргөн хэрэглээний барааны хомсдолд нэрвэгдээд байна. Харин Дамаскт суугаа АНУ-ын Элчин сайд Роберт Форд  “Сирийн эдийн засгийн өнөөгийн байдал нь хориг арга хэмжээний үр дагавар биш” хэмээн мэдэгдээд зөвхөн нефть болон дизель түлшний экспортод хориг тогтоосон хэмээн дурджээ. Харамсалтай нь сиричүүдийн гол орлого нь газрын тосны бүтээгдэхүүнээс ордог гэдгийг эрхэм элчин сайд “мартчихсан” бололтой. Тэрбээр Сирийг шатах материалаа босогчдыг дарах байлдааны техникт зориулж байна, Асад хэрэв цэргийн зардлаа багасгавал ард иргэдийн хангалт сайжирна  хэмээн үзэж байгаа бололтой. 

Эдүгээ Сирийн эсрэг хориг арга хэмжээнд Европын холбоо, АНУ-аас гадна Арабын лигийн орнууд хамрагдаад байгаа юм. Ганцаардсан Сири хоригт нэгдээгүй улс орнуудын дундаас  шинэ түнш хайж байна. Гэвч ийн ганцаардаж байхад нь гар сунгах орон олдох эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Гагцхүү ОХУ л урьдын буурь сууриа хэвээр хадгалахыг эрмэлзсэн хэвээр байна. ОХУ-аас гадна Венесуэл энэ оронд тусламжийн гараа сунгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хэдхэн хоногийн өмнө Сирид 35 мянган тонн түлш ачсан Венесуэлийн нефть тээвэрлэгч хөлөг онгоц иржээ.  Түүнчлэн одоо ОХУ болон Сирийн хооронд байгалийн хий, нефть нийлүүлэх удаан хугацааны гэрээний асуудал яригдаж байна. Бас Алжир, Иранаас энэ талын хангалтаа хийх боломжийг судалж байна.

Ерөнхийлөгч Б.Асад энэ орны төрийн өндөрлөгөөс яваагүй цагт энэ орны ард түмний эсрэг тавьсан хориг үргэлжилсээр байх төлөвтэй. Гагцхүү Асадын дэглэмийг унагахын тулд бүхэл бүтэн ард түмний хувь заяагаар наадах нь хүн төрөлхтний ёс зүй мөн үү  гэсэн асуулт Сирийн эргэн тойронд эргэлдэж байна.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж