Египет, Израилийн хилийн заагт халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Египет, Израилийн хилийн заагт халдлага гарчээ

Египет, Израилийн хилийн шалган нэвтрүүлэх цэг рүү үл мэдэх зэвсэглэсэн хүмүүс дайрч, Египетийн 15 цагдаагийн амийг хөнөөжээ. Израилийн талаас “Хоёр автомашин бүхий зэвсэглэсэн хүмүүс хүч хэрэглэн хилээр нэвтрэхийг ородсон” гэж мэдэгджээ. Хоёр автомашины нэг нь Египетийн хилийн Хойд Синай муж руу нэвтэрч чадсан байна. Харин нөгөө машинтай хүмүүсийг Израилийн агаарын зэвсэгт хүчнийхэн устгажээ.

Дээрх халдлагын дараа Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси улсынхаа аюулгүйн албаныхантай шуурхай уулзалт хийсэн байна. Одоогоор гэмт этгээдүүдийг тогтоогоогүй байгаа ч Египетийн талынхан үүнд Исламийн зэвсэгт дайчдыг буруутгажээ. Египетийн аюулгүйн албаныхан зэвсэгт этгээдүүд нь Газын зурвасаас ирсэн “Жихад” бүлэглэлийн дайчид гэж мэдэгдсэн байна. Харин Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак “Хилийн заагт халдлага гарч олон хүн гэмтэж, нас барсанд харамсч байна. Энэхүү халдлага гарсан нь Египетийг Синай муж дахь хамгаалалтаа нэмэгдүүлж, халдлагаас сэргийлэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулсан хэрэг боллоо” гэжээ. Харин шинжээчид “Египетийн хилийн Синай мужийн байдал өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Мубарак Хосниг эрх мэдлээс бууснаас хойш улам хурцадсан” гэж мэдэгдсэн байна. 

Египет болон Израилийн албаныхны зүгээс халдлага үйлдсэн этгээдүүдийн зарим нь зугтсан, тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул хилийн ойролцоох ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж