Зураач Д. Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Зураач Д. Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой

Зураач Д. Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болсон юм. Тус эрдэм шинжилгээний хурлын талаарх мэдээ мэдээллийг энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус, урлаг сонирхогч хэн бүхэнд хүргэх үүднээс урлаг судлагч О.Сосор тоймлон ирүүлсэн юм. Түүний мэдээллийг хүргэж байна.
Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хурлын үеэр Уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зураачийн 60 гаруй уран зураг, түүний хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэсэн "Буянтай бурхан зураач Д.Дамдинсүрэн" үзэсгэлэнг олон түмэнд толилуулсан юм.

Тэрбээр Шинэ цагийн Монголын дүрслэх урлагийн үндсийг тавигчдын нэг бөгөөд 1950-иад оны дунд үеэс үндэсний уран зураг буюу “монгол зураг”-ийг сэргээхэд "Эхийн алдар", "Хүрээ Майдар", "Арван засгийн бөх", "Хүрээ цам", "Уран Занабазар"  зэрэг олон бүтээлээрээ идэвх санаачлагатай оролцож уламжлалт урлагийнхаа сан хөмрөгийг баяжуулсан төдийгүй монгол зургийг өрнийн уран зургийн ажиллагаатай хослуулан өвөрмөц арга барилаар "Адуучин" (1961), "Жинчин" (1954), "Хот айл" (1961), "Манай нутгийнхан" (1961) зэрэг олон зургийг бүтээсэн нь шинэ үеийн уран зургийн төрөлд онцгой содон үзэгдэл болсон билээ.  

Эрдэм шинжилгээний бага хурал Д.Дамдинсүрэн зураачийн охин Доктор, дэд профессор Д.Дариймаагийн “Цагийг эзэлсэн Их зураач” илтгэлээр эхэлж, зураачийн амьдрал, уран бүтээлийн талаар үнэтэй баримтыг сонордуулав. Тэрээр эцгийнхээ бичиж үлдээсэн дурсамжийг “Их Хүрээний нэрт урчууд” хэмээх ном болгон хэвлүүлж олон түмний хүртээл болгосон ба мэндэлсний 100 жилийн ойн үеэр “Зураач Д.Дамдинсүрэнгийн уран бүтээл” цомог номыг бэлтгэн хэвлүүлжээ.   

МУУГЗ, бурханч лам Г.Пүрэвбат хэлсэн үгэндээ хатуу хяналт, тогтолцооны үед Монголын уламжлалт урлагийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ XIX зууны сүүл үеийн Их Хүрээний зураачидтай нүүр тулан уулзаж байсны хувьд тэр үеийн бүтээл туурвилын талаар үнэн зөв мэдээлэл үлдээж өгснийг онцлон дурдав.

Дамдинсүрэн гуай Их Хүрээний нэрт зураач Гэндэнжамц, Марзан Шарав нарыг багшаа гэдэг байсан ба Бурхны шашныг системтэй судалж байв. Тэрээр судлаач хүн 7 зүйлийг мөрдөх ёстой гэж зөвлөдөг. 10 мянга гаруй асуулт бэлтгээд уулзаж байхад минь бие нь чилээрхэж, ядруухан байсан ч сэтгэл гаргаж олон зүйл тайлбарлаж өгсний дотор Б.Шарав “Их Лениний сургаал” зургаа хэрхэн бүтээж байсныг нүдээрээ харсан тухайгаа ярьж билээ” хэмээн Урлаг судлалын доктор Л.Батчулуун “Зураач Д.Дамдинсүрэнгийн замнал” илтгэлдээ өгүүлсэн юм. Тэрээр  Д.Дамдинсүрэн зураачаас их зүйлийг мэдэж авснаа дурсан, түүний даруу төлөв, эрдэм мэдлэгтэй, нягт нямбай уран бүтээлч байсныг онцолж байлаа.   

Урлаг судлалын доктор Ц.Эрдэнэцог “Зураач Д.Дамдинсүрэнгийн уран зурагт хийсэн судалгаа”, доктор С.Бадрал “Нэрт зураач Д.Дамдинсүрэнгийн судалгааны өв”, доктор Б.Баяртөр “Зураач Д.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн онцлог” сэдвүүдээр илтгэл тавьж, зураачийн Монголын урлагт оруулсан уламжлал, шинэчлэлийн асуудлыг тайлбарласан болно.

Урлаг судлалын доктор Ж.Саруулбуян “Уран зураач, бурханч Д.Дамдинсүрэн Халхын Өндөр гэгээн Г.Занабазарын хөрөг дүрийг бүтээсэн нь” илтгэлдээ зураачийн бүтээсэн гурван хөргийг нарийн дүрслэн тайлбарлаж, онцлог шинжүүдийг тодорхойлов. Түүнчлэн Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа “Хүрээ Цам” зургийн тухай маш сонирхолтой задлан шинжилгээ хийсэн нь сонсогч олны таашаалд нийцсэн юм.  Эрдэм шинжилгээний хурлын үеэр ахмад уран бүтээлч Ардын зураач Б.Чогсом Д.Дамдинсүрэнгийн “Адуучин” зургийн зохиомж, өнгийн шийдэл, гүйцтгэлийн талаар мэргэжлийн өндөр үнэлгээ өгсөн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач П.Балдандорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Б.Цэрмаа нар Д.Дамдинсүрэн зураачтай хэрхэн хамт ажиллаж байсан талаараа хуучиллаа.    
                        
                        Урлаг судлагч О.Сосор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж