НҮБ-ын тогтоолыг Орос эрс шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тогтоолыг Орос эрс шүүмжлэв

НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Чуркин мэдэгдэхдээ, Сирийн асуудлаар гаргасан Ерөнхий ассамблейн тогтоол нь зэвсэгт сөрөг хүчнийг дэмжих замыг нээлээ гэжээ. Сирийн тусгай элчийн албыг Кофи Аннан орхисонд Орос буруутай гэж АНУ мэдэгдсэн байна. Сирийн асуудлаар гаргасан Ерөнхий ассамблейн тогтоол нь зэвсэгт сөрөг хүчнийг дэмжих замыг нээсэн, сөргөлдөөнийг зохицуулахад тохирохгүй баримт хэмээн Орос шүүмжилж байна. Оросын төлөөлөгчид “Сирийн хямралыг шийдэхэд зөвхөн сөргөлдөөнийг хурцатгасан, Сирийн ард түмний ашиг сонирхлын дагуу энхийн асуудлаар шийдвэр хайх болон яриа хэлцлийг явуулахад ашиг тус үзүүлэхээргүй” тогтоол гаргасанд харамсч байна гэж Оросыг төлөөлөн НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин тавдугаар сарын 3-ны орой Ерөнхий ассамблейн хуралдааны үр дүнг тайлбарлахдаа мэдэгдсэн байна.

НҮБ ба Арабын орнуудын лигийн Сирийн асуудал хариуцсан тусгай элч Кофи Аннаныг огцорч буйд гүн харамсч байгаагаа тэрээр илэрхийлээд “туршлагатай дипломатч, улстөрч” хэмээн түүнийг үнэлэв. Аннаны энхийн төлөвлөгөө болон Женевийн шийдвэр нь Сирийн асуудлыг шийдэх гол чиглэл гэдгээрээ ач холбогдлоо алдаагүй байна гэж Оросын Элчин онцолжээ.

Харилцан буруутгасан шүүмжлэл

 
Үүний өмнө, Сирид хүч хэрэглэхийн тулд барууныхан Аннаныг тоглоомоос гаргаж байна гэсэн санааг Москва илэрхийлж байсан. Мөн энэ үеэр НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Сьюзан Райс Аннаныг огцроход Орос, Хятад хоёр буруутай гэжээ. “НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн үйл ажиллагааг хорьсон орнууд Аннаныг үйлсийг үргэлжлүүлэх аргагүй болголоо” хэмээн хатагтай Райс онцолсон байна. Орос, Хятад хоёр гурван удаа Аннаны энхийн төлөвлөгөөг зөрчсөн Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авах Аюулгүй  зөвлөлийн тогтоолын төслүүдэд хориг тавьж байлаа. Орос, Хятадын шахалтаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын төсөл ихээхэн суларч байна. Баримтын төслөөс Ассадыг огцрохыг шаардсан хэсэг болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд Сирийн асуудлаар хориг тавих практикийг өөрчлөх гэсэн хэлцэл зэргийг хасчээ. Гэхдээ тогтоолд Сирийн Засгийн газрын цэргийг хуарангуудад нэн дарай байрлуулах шаардлагыг тусгажээ.

НҮБ ажиглагчдынхаа хэсгийг Алеппогоос гаргалаа

Наймдугаар сарын 3-ны өдөр НҮБ ажиглагчдынхаа тал хувийг Алеппо хотоос татсан байна. Алеппо хот босогчид ба Засгийн газрын цэргийн хоорондын ширүүн тулааны талбар болоод байгаа юм. Ажиглагчид өөрсдийн оффисийн тоног төхөөрөмжийнхөө хэсгийг аван Дамаск хотод эргэн ирсэн ч тэднийг эргүүлэн татаж байгаа нь хотын тулалдаан ширүүссэнтэй холбоогүй гэж НҮБ зарлаж байна. Алеппо хотод утасгүй холбоо тасалдаж байгаатай үүнийг холбон тайлбарлаж байна. Холбоо хэвийн ажиллаж эхлэнгүүт ажиглагчид эргэн ажилдаа орно гэж НҮБ мэдэгдлээ.

 Сири Оросоос эдийн засгийн тусламж хүсэв

Сирийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Орос эрчим хүчний эх үүсвэр болон зээл олгоход бэлэн байгаа гэнэ. Тохиролцоог ойрын долоо хоногуудад гүйцээн хийх ажээ. Харин Москва энэ талаар тайлбар өгөөгүй байна. Барууны орнуудаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнд нэрвэгдэж байгаа Сирийн дэглэм Оросоос тусламж хүсээд байна. Сирийн эдийн засгийн асуудал хариуцсан ерөнхий сайдын орлогч Кадри Жамиль ба Нефть, ашигт малтмалын нөөцийн сайд Саид Хнейди нар Москвад хийсэн хэлэлцээрийнхээ явцад Оросоос эрчим хүчний эх үүсвэр болон зээл олгохыг хүссэн байна. Тэдний хэлснээр Орос уг асуудалд нь нааштай хандсан гэнэ. Энэ тухай өнгөрсөн бямба гаригт АР агентлаг дамжуулжээ.

“Орос Сирид туслахыг хүсч байна. Орос ийм сонирхол гаргасан. Бид одоо нефть, нефтийн бүтээгдэхүүн, мазут, байгалийн хий авах сонирхолтой байгаа. Асуудлыг шийдэх арга замыг хайх ёстой гэдэг талаар тохиролцоод байна” хэмээн Кадри Жамилийн хэлснийг Оросын “Интерфакс” агентлаг мэдээлэв. Ойрын долоо хоногуудад асуудал шийдэгдэнэ. “Бид одоогоор зээлийн хүрээгээ тодорхойлоогүй. Бид энэ талаар боломжийг гаргаад л байгаа. Цааш ярих болно” хэмээн Жамиль тайлбарлав.

Барууны тавьсан хоригийн үр дагавар

Сирийн Нефтийн сайд Саид Хнейди Москва, Дамаск хоёр Сирид нефть нийлүүлэх асуудлаар тохиролцон, хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж байна гэж мэдэгдэв. Мөн энэ нь Сирийн хямралыг зохицуулахад хамгийн чухал асуудал болно гэдгийг сайд хэлэв. Орос энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Сири одоо Барууны хоригийн улмаас эрчим хүчний эх сурвалжийн эрс хомсдолд ороод байна. Дамаскийн валютын нөөц эрчимтэй шавхагдаж буйг барууны шинжээчид хэлж байгаа. Башар Ассадын дэглэмийн эсрэг эсэргүүцэл эхлэх цагт Сирийн валютын нөөц нь 12 тэрбум ам.доллар байсан гэж АР агентлаг тодруулан мэдээлэв.
 

Шинэ тулалдаанууд

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дамаск хотын хэд хэдэн дүүрэг, Сирийн эдийн засгийн нийслэл гэгдэх Алеппо хотноо байлдаан шинээр сэргэн үргэлжилж эхлэв. Интернэтэд байрлуулсан сонирхогчийн видео бичлэгт Дамаскийн дагуул хот Тадамонд буудлага, дэлбэрэлтийн чимээ сонсог­дон пуужингийн довтолгоонд өртсөн хотын нур­сан балгас харагдаж байна. Нийслэлд болсон хоёр долоо хоногийн тулалдааны дараа арми босогч­дыг шахаж чаджээ. Сүүлийн хоногуудад Алеппо хотод 80 орчим хүн амиа алдав. Хүчирхийллээс зугатсан энгийн иргэд болон шархдагсад байсан эмнэлгийн байрыг Засгийн газрын цэрэг агаараас бөмбөгдсөн байна. Сөргөлдөгч талуудын хооронд тулалдаан үргэлжилж байгаа бөгөөд босогчдын талд хөлсний цэргийнхэн тулалдаж байгаа гэнэ. Тэдний ихэнх нь хэт даврагч бүлгийнхний дайчид ажээ. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей Сирийн асуудлаар гаргасан тогтоолдоо хүнд техникийг ашиглахаа зогсоох мөн армийг хотуудаас гаргахыг эрх баригчдаас шаардсан. Уг тогтоолыг Орос, Хятад, Энэтхэг, Белорусь, Куба, Венесуэла зэрэг 12 орон эсэргүүцсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж