Б.Обама төрсөн өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Б.Обама төрсөн өдрөө тэмдэглэв

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр 51 насны төрсөн өдрөө тэмдэглэв. Сонгуулийн өмнөх сунгаандаа гарсан хэдий ч тэрбээр төрсөн өдрөөрөө өөртөө амрах эрх өгч, Кэмп Дэвид баазад гольф тоглож өнжжээ. Төрсөн өдрийнхөө өглөө Б.Обама уламжлал ёсоор эх орон нэгтнүүддээ хандан радиогоор үг хэлжээ. Мэдээж хэрэг ярианы сэдэв олимпийн тоглолтын тухай байжээ. Түүнтэй хамт хамгийн дотнын найз нар нь болон туслахууд нь гольф тоглосон байна. Орой нь Кэмп Дэвид дэх өргөөндөө гэргий Мишель болон дотнын тун цөөхөн хүний хамт зоог барьжээ. Харин охид нь зуныхаа амралтаар хүүхдийн зусланд амарч байгаа аж.

Төрсөн өдрийнхөө өмнөхөн Б.Обама Флорида мужид очиж, сонгогчидтой уулзахад мужийн иргэдийн төлөөлөгчид түүнд Төрсөн өдрийн дуу дуулж өгчээ. Хариуд нь Б.Обама “Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд Флоридад ялалт байгуулбал тэр л хамгийн үнэтэй бэлэг байх болно” гэсэн байна. Тус мужийн сонгогчид нэлээд “савлагаатай” санал өгдөг. Сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц газрын нэг аж.

Өрсөлдөгч талууд нь Б.Обамаг төрсөн өдрөөр нь багагүй шогложээ. Сөрөг хүчин болох Бүгд найрамдах намынхан түүнд бэлэг илгээсэнгүй. Харин Үндэсний хорооныхон гахай бэлэглэхийг оролдсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус хорооныхон Б.Обамагийн шоколадан хөрөг бүхий бялуу илгээж дээр нь “Энэ бялууг чи хийгээгүй шүү” гэж бичсэн байжээ. Бүгд найрамдахчууд нэгэн сайт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дүртэй ил захидлыг Б.Обамагийн нэр дээр хаяглан гаргаж түүн дээр “Сонгуулийн дараа чи миний дэргэд сүүтэгнэх болно доо” гэсэн зүйл бичсэн байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн төрсөн өдөр иймэрхүү гэнэтийн бэлгүүдтэй өнгөрсөн байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж