“Төр, засгийг яаралтай эмхлэн байгуулах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“Төр, засгийг яаралтай эмхлэн байгуулах ёстой”

УИХ дахь МАХН-МҮАН-ын бүлгийн дарга Н.Батцэрэгтэй сүүлийн үед болж буй үйл явдлуудын талаар ярилцлаа.

-“Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар гэрээ хийж тунхаг батлаад байгаа. Хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна. Одоо ямар шатандаа яваа вэ?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд хоёр талын ажлын хэсэг уулзаж, хуралдаагүй байна. Одоогоор УИХ-ын байнгын хороодыг байгуулах, УИХ-ын бүтцийн байгуулллагуудыг бүрэн ажлын чадвартай болгох тал дээр анхаарч хамтран ажиллаж байгаа. УИХ юуны өмнө бүтэн ажлын чадвартай болох ёстой.

-Өнөө өглөө эвслийн Удирдах зөвлөлийн гишүүд санал бодлоо солилцож уулзсан юм байна. Ямар нэг шийдвэр гаргасан уу?

-“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн гишүүд уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон.

-Өчигдөр болсон МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын талаар ярилцсан байх. Энэ талаар Удирдах зөвлөлийн гишүүд ямар байр суурьтай байсан бэ?

-Хүн бүр өөр өөрийн янз бүрийн байр суурьтай байгаа юм билээ. Би цэвэр өөрийн хувийн байр сууриа хэлэхэд шүүхийн практикт анхан шатны шүүх дээр алдаа гарах тохиолдол байдаг. Н.Энхбаяр даргад Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосонд харамсч байна. Дээд шатны шүүх нь энэ алдааг засах байх гэж найдаж байна. Шүүхийн практикт анх удаа шүүх хурлыг нээлттэй явуулсан нь зөв болсон болов уу. Олон нийт энэ шүүх хурлын талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх.

-УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж чадахгүй 10 шахам хонолоо. Энэ гацаанаас яаж гарах вэ?

-“Шударга ёс” эвсэл олон түмний итгэл хүлээж УИХ-д хангалттай тооны суудалтай улс төрийн хүчин болсон. Тиймээс олон түмнийхээ сонголтыг хүндэтгээд, улс орныхоо эрх ашгийг, сонгогчдынхоо эрх ашгийг, ажлын эрх ашгийг урьтал болгоод, олон түмний өмнө амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төр, засгийг цаг алдалгүй, шуурхай эмхлэн байгуулах ёстой гэж үзэж байгаа.

-Улс төрийн хүрээнийхний дунд нэг яриа гараад эхэллээ. Шүүх хуралдаанаас үүссэн нөхцөл байдлаас болоод “Шударга ёс” эвсэл задрах гээд байна. Эвсэл олонхийн бүрэлдэхүүнээс гарах гээд байна гэсэн яриа дуулдаад эхэллээ?

-Эвсэл энэ талаар хуралдаж шийдвэр гаргаагүй байна. Аль нэг хувь хүний яриа явж байхыг үгүйсгэхгүй. Сая би хувийнхаа үзэл бодлыг хэллээ шүү дээ. Төр, засгийг яаралтай эмхлэн байгуулах чиглэл рүү хандаж, “Шударга ёс” эвсэл хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

-Хэлэлцээрийг түргэсгэхийн тулд ямар алхам хийж болох вэ?

-Санаачилга АН талдаа илүү байгаа. Тиймээс тэдний ажлын хэсгийн ахлагч цаг хэлээд уулзалдах байх. Хоёр талын ажлын хэсэг Засгийн газар байгуулах тал дээр гэрээнд заасны дагуу ажиллаж бүтэц, бүрэлдэхүүн нь ямар байх юм. Шинэ яамдын чиг үүрэг ямар байх юм. Энэ чиглэлээр ярих ёстой байгаа. Ойрын үед ярьж таарах байх.

-Чуулганы хуралдааныг өчигдөр Н.Энхбаяр даргын шүүх хурлын дүнг харна гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Шүүх хурал өндөрлөсөн учраас чуулган ажилдаа орох уу?

-Чуулганы хуралдааныг зарлаагүй байна.  Шүүх хурлаар “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярын асуудлыг хэлэлцэж ял оногдуулсан. Үүссэн нөхцөл байдлын талаар эвслийн гишүүд ярилцах шаардлагатай байсныг УИХ-ын дарга хүндэтгээд өчигдрийн үдээс хойших хуралдааныг хойшлуулсан. Манай эвслийн бүлгийн гишүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр очиж шүүх хурлыг ажигласан. Бидэнд шүүх хуралд нөлөөлөх ёс байхгүй, эрх байхгүй. Тэгж болохгүй. Зүгээр иргэнийхээ хувиар шүүх хуралдаанд оролцож явц байдалтай танилцсан. Энэ байдлыг УИХ-ын дарга ойлгож өчигдрийн чуулганы хуралдааныг хойшлуулсан.

-Н.Энхбаяр даргад шүүх ял төлөвлөчихлөө. Дараагийн давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүлээвэл цаг нэлээд алдана. Ойрын үед Ц.Оюунбаатараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудал яригдах уу?

-Үүнийг эвслийн Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээр дараа жич ярина.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж