
Лондон хотын Ллойд банк, Шотландын Рояаль банк болон ресторан, гудамжны лангуу, театр, дэлгүүрүүд болон хувиараа бизнес эрхлэгчид, таксины жолоочдын дийлэнх нь хоёр долоо хоног гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй аж. Хотыг сүнстэй мэт болгож орхисон Олимпийн зохион байгуулагчдын бодлогыг жижиг, дунд бизнес эрхлэгчид хамгийн ихээр шүүмжилж байгаа аж.
Лондон хотын амьдралыг хөдөлгөөнд оруулж байдаг ажилчид гэртээ амарч буй учраас өдрийн хоолны цагийн ид ачаалал, кофе шоп дахь хөл хөдөлгөөн, такси хөлөглөгчид, дэлгүүр хэсэгчид тэр байтугай ажил тарсны ганц хоёр хундага татсан халамцуу хүмүүс хотод үгүйлэгдэж байгаа гэнэ. Жирийн үед жуулчдын хөл хөдөлгөөнд дарагддаг гудамж талбай, ресторан, кафенууд сүүлийн долоо хоног хүн орохоо больсон аж.
Олимпийн наамдын спонсорууд Лондоны үйлчилгээний 10 ажилтан тутмын гурав нь буюу 1,5 сая хүнийг Лондонд хөл хөдөлгөөн үүсгэхээс сэргийлж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, мөнгө төлсөн байна. Лондон хотод үйлчилгээний газруудад болон жижиг дунд бизнес эрхэлдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг таван сая орчим идэвхтэй ажилтан байдаг гэнэ. Олимпийн зохион байгуулагчдын сүнсгүй хот төлөвлөгөөнд ам сайтай байгаа хүн Лондонд цөөхөн байгаа бөгөөд үйлчилгээний газрын ажилтнуудыг ээлжээр ажиллуулж, үүнийг зохицуулж болох байсан гэж үзэж байгаа гэнэ. Лондонд төвтэй компаниудын 80 хувь нь ажилчдадаа гэрээсээ ажлаа хийх боломж олгосон бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний зарим албыг хотын зах руу шилжүүлсэн байна. Байнга хүмүүсийн хөлд дарагдаж байдаг Лондоны гүүрэн дээр ч мөн хөл хөдөлгөөн татарчээ.
Лондон хотын Вест Энд дэх үзвэрийн тасалбар борлуулах газрын ажилтан “Өнгөрсөн долоо хоногт борлуулалт маш муу байсан. Бүтэн жилийн хугацаанд бид анх удаа ийм цөөхөн тасалбар борлуулж байна. Бидэнд 40 гаруй үзвэрийн тасалбар байгаа ч худалдан авагч маш цөөхөн байна” хэмээн ярьжээ.
Лондоны нэгэн зочид буудлын менежерийн хэлснээр олимпийн цэнгэлдэхийн суудал бараг хоосон байгаа шиг зочид буудлуудын захиалга ердөө 40-45 хувьтай байгаа аж. Олимпийн наадам зохион явуулагч хотын бүх зочид буудал захиалгад дарагдаж, сул өрөөгүй байдаг ч Лондонд бүх зүйл өөр байгаа аж.
Лондоны хамгийн алдартай цайны мэргэжилтэн хүртэл ашиг орлого нь жирийн үеийнхээс буурсан гэж ярьж байна. Түүний хэлснээр олимпийн наадам эхэлснээс хойш энэ бүхэн бүр дордсон гэнэ. Рестораны эзэд Лондон 2012 олимпийг дөрвөн жил хүлээсэн боловч их хүлээсэн газар есөн шөнө хоосон гэгчээр наадам эхэлснээс хойш үйлчлүүлэгчдийнх нь тоо 30 хувиар буурсан гэж ярьж байна.
Лондоны худалдааны захын нэгэн лангуу түрээслэгч 45 настай Ирина “Наймдугаар сарын жирийн амралтын өдөр би дунджаар 450 фунт олдог. Гэтэл өнгөрсөн ням гаригт би 12 цаг ажиллаад ердөө 80 фунтын бараа зарсан. Зах дээр бараг хүн алга. Зах дээр наймаа ийм муу байсныг би анх удаа харж байна” хэмээн ярьжээ.
Лондон хотын төвд таван жилийн турш дугуйт тэргээр жуулчдыг зөөсөн Майкл “Би хот хүнгүй шахам байхыг анх удаа харж байна. Би жирийн өдөр 150 фунт өлхөн олдог ч одоо талыг нь ч олж чадахгүй байна. Би аль болох олон хүн авахын тулд илүү хурдан давхихыг хичээж байгаа” хэмээн ярьсан байна. Лондоны нэрийн хуудас болсон хар таксийг 25 жил барьж буй жолооч ч мөн орлого нь муудсанаас болж үгээ хэлж байгаа бөгөөд боломжийн үйлчлүүлэгчтай таарахын тулд дор хаяж нэг цаг хүлээхээс өөр аргагүйд хүрч байгаа гэнэ. Пол Симпсон “Зурагтаар олимпийн наадмыг үзэх гоё ч үүнийг хажуугаас нь харах илүү сайхан байх байсан” гэсэн байна.
Буурал европын нийслэл Лондоны бас нэг салшгүй хэсэг болсон гудамжны жүжигчид олимпийн наадмын эдгээр өдрүүдэд өдөржин гудамжинд тоглоод ч өмнөх шигээ орлого олж чадахгүй байгаа гэнэ. Хүрэл хөшөө шиг үзүүлбэр үзүүлдэг жүжигчин зургаан жилийн өмнөөс олимпийн наадмыг Лондонд зохион байгуулна гэж ярьж эхэлснээс хойш энэ өдрийг хүлээсэн боловч хот сүнстэй мэт хүнгүй болсон нь түүний урмыг хугалжээ. Мимик жүжигчин Лондон хотын дарга Борис Жонсон хүмүүсийг яагаад гэрээсээ гарч болохгүй гэж хэлснийг үнэхээр ойлгохгүй байгаа гэнэ. Сүнстэй хот төлөвлөгөөнд хэлмэгдсэн хүмүүс үүгээр зогсохгүй бөгөөд жирийн үед олон жуулчид, гадаадын зочид заавал зорьж очдог тоглоомын дэлгүүр, эртний эдлэлийн дэлгүүрийн орлого ч буурчээ. Сүүлийн хорин жил гудамжинд лангуу ажиллуулж буй эхнэр нөхөр хоёрын гол үйлчлүүлэгч метроны болон ээлжийн ажилчид гэрээсээ ажлаа хийх болсноос орлого нь 40 хувиар буурсан байна.
Жирийн өдөр гадаа нь урт дараалал үүсч, хажуугаар зөрж өнгөрч буй хүмүүсийн нүдийг хужирладаг Мадам Тюссегийн музейд дараалал ч үүсэхгүй байгаа гэнэ. Мадам Тюссегийн музей, Лондоны алдарт цамхгийг ийм байхыг анх удаа харсан жуулчид ихэд олзуурхан хүссэнээрээ зургаа татуулж байгаа гэнэ.
Жирийн ажлын өдрүүдэд ч хөл хөдөлгөөн ихтэй байдаг Вестфельд худалдааны төв нам гүм болжээ.
Лондоны түм түжигнэж, бум бужигнадаг бизнесийн төв
Энгийн үед жуулчдын хөлд дарагддаг Кавент гарден ресторан.
Их хөлийн газар Лондон гүүр ийм байдалтай байна.