Арван өнгөөр солонгорох “Sunrise”

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Арван өнгөөр солонгорох “Sunrise”

Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” энэ сарын 3-нд буюу маргааш 18.00 цагт “River beach”-д болох гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг фестиваль энэ жилээс “Sunrise Anthem 2012” сүлд дуутай болжээ. Уг дууг “MNG Event”-ийн үндсэн DJ болох DJ Gana, iLoft Function House-ын залуу уран бүтээлч DJ Henza нар хийсэн юм. Тэдэнтэй уг шоуны өмнө уулзан уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Маргааш “Sunrise” фестиваль боллоо. Cаяхан уг фестивальд зориулан хийсэн сүлд дуу олны хүртээл болсон шүү дээ. Сүлд дууг нь хийх санаа хэзээ төрсөн бэ? Электро шоуны сүлд дуунаас шууд л үндэсний гэсэн үзэл ханхалж байна лээ. Youtube-д тавигдаад гурав хонож байгаа ч үзсэн 1800 гаруй хүн дандаа урмыг сайхан үгээр мялаасан байсан.

-DJ Henza: “Sunrise” фестиваль хоёр дахь жилдээ болох гэж байна. Өмнө нь ийм хэмжээний задгай талбайн фестиваль Монголд болж байгаагүй. Гадаадын том фестивалиудыг харж байхад өөрийн гэсэн уран бүтээлчидтэй, тэднээсээ сонгож  жил бүр өөр өөр уран бүтээлчдээр сүлд дуугаа хийлгэдэг уламжлалтай юм билээ. Тэрнээс санаа авч ийм том гоё фестиваль сүлд дуутай байвал ямар вэ гээд DJ Gana бид хоёр ярилцаж байгаад энэ жилийн фестивалийнхаа сүлд дууг хийсэн. Бид ажил хэргийн шугамаар байнга холбоотой ажилладаг болохоор энэ талаар эртнээс ярилцаж байсан л даа. Тэгээд аянуудаа сонгон сүлд дуугаа хийж эхэлсэн. Энэ явцад олон гоё санаа гарч ирэн бүгдийг нь нэгтгээд саяхан гаргасан даа.

-DJ Gana: Жилийн өмнөөс энэ сүлд дууны талаар бодож эхэлсэн. Өнгөрсөн жил би “Sunrise” фестивалийн нээлт дээр тоглож байсан. Тэр санаагаа өнөөдөр хэрэгжүүлэн DJ Henza-тай хамтран энэхүү сүлд дуугаа хийсэндээ үнэхээр баяртай байна. Монголын залуучууд маань үндэсний хэв маяг ханхалсан электроник дуутай боллоо. Залуучууд маань бидний гаргасан шинэ уран бүтээлийн өөрсдийнхөөрөө хүлээж аваасай гэж хүсч байна.

-Жил бүр “Sunrise” фестивалийн уран бүтээлчид энэхүү сүлд дууг шинэчлээд явна гэсэн үг үү?

-DJ Gana: Тэгэлгүй яахав. Аливаа зүйл шинэчлэгдэж байх хэрэгтэй. Тэр тусмаа манай Монголд DJ шоу, электроник хөгжмийн хүч ямар байгааг үүгээр харуулж байгаа гэсэн үг. Хэдийгээр Монголд далай байхгүй ч гэсэн DJ нар маань Туул голынхоо эрэг дээр өнгөрсөн жил 6000 залууг цуглуулан электро хөгжмийн хэмнэлд элсэн дээр бүжиглүүлэн  нар мандтал доргио байлгаж чадсанаараа гайхамшигтай.

-Залууст үгүйлэгдэж байсан тэр задгай талбайн электро шоуны орон зайд “Sunrise” фестиваль эгшиглэж чадсан шүү дээ?

-DJ Gana:Ер нь бол электро хөгжим монголд хөгжлийнхөө дагуу хөгжиж яваа гэж ойлгож болно. DJ урлаг хөгжиж байна. Монголын залуус DJ гэж хэн бэ гэдэг талаас нь илүүтэйгээр хүлээн авч  байгаа.  Тав, зургаан жилийн өмнө залуус энэ талаар хангалттай ойлголттой  байгаагүй шүү дээ. Мөн залуус маань ийм гоё том шоунд хүрэлцэн ирж нэг орой алжаалаа тайлан бүжиглэж, соёлтой оролцдог болсон. Өнгөрсөн жилийн  шоу залуусын сэтгэлд хүрч, чадсан. Би ч гэсэн өмнө нь гадаа, задгай талбайд болдог “Sunrise” фестивалийг Youtube-ын бичлэгүүдээс харж байхдаа үнэхээр ийм шоу монголд болоосой, ийм л шоунд гарч үзэх юмсан гэсэн хүсэл, мөрөөдөл маань өнгөрсөн жил биелж, гадаадын  томоохон шоунд эгшиглэж байсан “хит” дуунуудыг түүвэрлэж, залуусыг доргиосон нь гайхамшигтай болсон.

-DJ гэж хэн бэ?

-DJ Henza:DJ гэдэг урлаг бол хүний баяр цэнгэл, аз жаргалтай агшинд хүн болгоны дотор орж, ажиллах мэдрэмжийг  л хэлэх байх. Яагаад гэвэл DJ-гийн тухайн үед тавьж байгаа болон бэлдсэн дуунууд, сэтгэлийн хөдлөл нь тэнд цугларсан хүмүүст бүгдэд нь таалагдаж, доргиож, сэтгэлийг нь хөдөлгөж байх ёстой. Тийм учраас DJ бол ганц дуу тавихдаа гол биш, хүн бүрийг мэдэрч, тулж харилцана  гэсэн үг. Гадаа талбайд бол тэнд цугларсан хүн бүрийг доргиож, алга ташуулж, чарлуулж байна гэдэг бол нэлээн хүч, чадвар, мэдрэмж шаардсан ажил.

-DJ Gana: Ер нь DJ нар аймаар мэдрэмжтэй болчихдог юм билээ. Хүний яг загатнасан газар нь майжих шиг тийм л мэдрэмжийг  төрүүлж,  хүний зүрхэнд дууг хүргэж чаддаг хүмүүс юм бол уу гэж ойлгодог. DJ нар олон зуун, мянган хүнийг удирдан бүжиглүүлж, тэр бүү хэл нам зогсолт ч хийлгэж, уйлуулж чаддаг.

-Маргааш 10 DJ өөрсдийн сетээ тавина. Ямар дуунууд эгшиглэх бол? Залууст ямар бэлэг бэлдээд байна?

-DJ Gana: Маргаашийн фестивальд DJ нар электро урсгалийн бүх урсгал, жанруудыг хуваагаад тоглож байгаа. Энэ л үдэш 10 чадварлаг DJ залуусыг доргион өөр өөрийн гэсэн өнгийг мэдрүүлнэ. Мэдээж дуунууд өөр хоорондоо давтагдашгүй өвөрмөц, шинэлэг байх болно. Тэнд цугласан залуусыг нар мандтал уйдаахгүй хөглөх болно оо. Дууны тал дээр электро урсгалын бүх төрөл буюу хүндээсээ хөнгөн хүртлээ явна даа. Бид хоёрын сетэд үндэсний хэв маяг агуулсан дуунууд багтсан байгаа. Үүнд, шуранхайлдаг охинтой хамтран нэг дуу хийсэн.

-DJ Henza: н.Дашдулам гээд маш чадварлаг шуранхайлдаг охин байгаа. Дуу нь хоёр хэсэгтэй. Нар мандаж байгаа эхний хэсэгт шуранхайтай хамтарсан бол хоёр дахь хэсэгт турба гээд хөгжмийг амьдаар тоглон оруулсан. Маргаашийн “Sunrise” фестивалийн тайзнаа хоёр уран бүтээлч маань DJ-тэй хамтран электро хөгжмийн хэмнэл, үндэсний урлагтай хэрхэн хоршдогийг харуулна. Үүр цайтал өнгө өнгөөр амьсгалуулан уйлуулж, дуулуулж, үсэргэн, галзууруулж, доргиох болно оо.

Сонирхуулахад, “Sunrise” фестивалийн тасалбар нь  12 мянга, 50 мянга хоёр өөр үнэтэй. Тасалбарыг “Битлз”-ийн хөшөөний баруун талд байрлах “Color optic” нүдний шилний газарт худалдаалж буй ажээ.

“Sunrise Anthem 2012”-ыг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж