Бие даагчдаас Ерөнхийлөгчид хандан уриалга хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Бие даагчдаас Ерөнхийлөгчид хандан уриалга хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар нар нэгэн уриалга өнөөдөр гардууллаа. Уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан УИХ дахь бие даагчдын зөвлөл гаргасан юм байна. Уриалгад “УИХ-ын сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа нь УИХ-ын бүтцийн байгууллага, төр засгаа эмхлэн байгуулах хангалттай цаг мөч юм. УИХ-д суудал бүхий намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, төрийн ажлыг гацаах болсон нь эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо гэж үзэж байна” хэмээн дурджээ.

Уриалгынхаа нэгдүгээр зүйлд “Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах оролдлогод хамаарах сонгогчдод мөнгө, бэлэг сэлт тарааж бусармаг үйл ажиллагаа явуулсан нэр дэвшигчидтэй холбоотой баримтаар нотлогдсон асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Хууль хяналтын байгууллага цаг алдалгүй шийдэж, цаашид зөв жишиг тогтоох шаардлагатай байна. Ингэснээр дараа дараагийн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу шударгаар явагдах нэг үндэс болно гэж үзэж байна. Иймд Монгол Улсад ардчилсан төр бэхжиж төлөвших нэг үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийг мөнгөний нөлөөнд автахгүй, хуулиа чанд баримтлах зөв зарчим тогтооход анхаарч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд хандан уриалж байгааг хүлээн авна уу” хэмээжээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж