Айлчлалын үр дүнг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Айлчлалын үр дүнг танилцуулав

Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээллийг Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Азийн газрын захирал Б.Ганболд нарын албаны төлөөлөгчид хэвлэлийнхэнд танилцууллаа.
Сайд Г.Занданшатар “Энэхүү айлчлалаар улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг олон салбарын хүрээнд хэлэлцээрүүд хийлээ.  Энэхүү хэлэлцээрүүд нь үндсэндээ харилцаа нь харилцан ашигтай, бие биеэ нөхсөн байдалтай байсан. Солонгосын тал хүний хөгжил, эдийн засгийг дэмжих зорилгоор 23 сая долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, үүгээрээ тодорхой хугацааны дараа визгүй зорчдог болоход чиглэсэн хэлэлцээг хийлээ.  Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг нь Монголд айлчлахаар болсон нь чухал ач холбогдолтой зүйл болсон. Ерөнхий сайд Солонгос улс дахь Монгол Улсын жилийн нээлтэд оролцон Иньчоны Их сургуулийн оюутны хотхонтой танилцсан, бизнес эрхлэгчдийн чуулганд оролцсон.  Энэ үеэр Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзан ажил амьдралтай нь танилцсан бөгөөп шинэчилсэн бүртгэлд хамрагдах ажлыг албан ёсоор Солонгост хийхээр болсон. Айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гарч ложистикийн салбарт хамтран ажиллах, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар, мэдээллийн технологи, өндөр технологийг хөнгжүүлэх, кластерийн загварыг бий болгох зэрэгт хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн. Ерөнхий сайд нарын хэлэлцээний гол сэдэв нь манай иргэдийн асуудал байсан гэнэ. Үүний хүрээнд тэнд буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, богино хугацааны сургалтад сургах, тэнд ажиллаж буй иргэдийн хүүхдүүдийг солонгос улсад зорчиход хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэхээр болсон”  гэлээ.

 Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж