Снукерийн “China Open-2011” эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Снукерийн “China Open-2011” эхлэх гэж байна

Снукер бильярдын “China Open-2011” тэмцээн удахгүй эхлэх гэж байна. Чансаа өндөртэй тус тэмцээнд оролцохоор дэлхийн шилдгүүд хэдийнэ Хятадын нийслэл Бээжинд цуглажээ. Өнгөрсөн жил тус тэмцээний аваргаар тодорч байсан Уэйлс снукерч Марк Уилльямс 2000, 2003 онд дэлхийн аварга болж байсан. Түүнийг амжилтаа давтахад нь саад болж чадах магадлал өндөр хүн нь цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Жон Хиггинс юм. Дөрвөн удаа аваргын цом хүртэж байсан Хиггинс өнгөрсөн 11 дүгээр сараас хойш ердөө хоёрхон тоглолтод хожигдол хүлээсэн нь форм сайтай байгааг гэрчилнэ. Тоглолт тохиролцсон гэх шалтгаанаар зургаан сарын хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан Шотланд эр анх удаагаа Хятадын тэмцээнд оролцохоор ирж байгаа юм. Одоо 35 настай дэлхийн номер дөрөв снукерч өөрийн сайн тоглолт нь үргэлжилж, цомыг авчирна гэдэгт итгэлтэй байлаа. Тэрбээр “Мэдээж энэ тэмцээнд түрүүлэх зорилготой л ирсэн. Өнгөрсөн хэдэн сарын турш миний форм сайн байж олон тэмцээнд түрүүллээ. Тийм учраас энд ч мөн ялахын тулд бүхнийг хийхдээ баяртай байх болно” хэмээжээ.
Гэхдээ Хиггинсийн хувьд Хятадын нээлттэй тэмцээн гол бай нь биш юм. Тэрбээр ирэх сард Англид болох ДАШТ-д түрүүлэхийг хүсч байгаа. Үүндээ бэлтгэлтэй байхын тулд Хятадад ирж байгаа юм. Харин Хиггинсийн хүчтэй өрсөлдөгчөөр зохион байгуулагч орны тамирчин Дин Жунхуй нэрлэгдэж болох юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль зүүсэн Дин өөрийнхөө боломжийн талаар ийнхүү ярилаа. Тэрбээр “Энэ тэмцээнд би хамгийн шилдэг тоглолтоо гаргахыг хичээнэ. Гэхдээ яг тэгнэ ингэнэ гэсэн зүйл бодоогүй. Хамгийн чухал нь энэ тэмцээн Хятадад болж байгаа. Би өнгөрсөн жил амжилттай оролцсон. Тийм учраас өнгөрсөн жилийн амжилтаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэсэн байна.

Дэлхийн аваргад хүч сорих гэж байгаа олон снукерчдын хувьд бэлтгэлээ хангах боломж нь Хятадын нээлттэй тэмцээн болдог учраас чансаа өндөртэй тамирчид их оролцдог. Ялагч нь 95 мянган ам.доллараар хэтэвчээ зузаалах Хятадын нээлттэй тэмцээнд дөрөвдүгээр сарын 3-нд өндөрлөнө.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж