Испаничууд өндгөн эсийн донор болох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Испаничууд өндгөн эсийн донор болох нь ихэсчээ

Ажилгүйчүүд улам нэмэгдэж, эдийн засаг нь өдрөөс өдөрт доройтож буй Испанид хүмүүс амьдралаа залгуулахын тулд ямар ч хамаагүй ажил хийхэд бэлэн байгаа ч ажил олоход улам хэцүү болж байгаа гэнэ. Ажил олоход хэцүү болсон энэ үед Испанид өндгөн эс, спермээ худалдаж, мөнгө олдог хүмүүс олширсон аж. Нэрээ нууцлахын хүссэн нэгэн испани бүсгүй Мадрид хотын төв эмнэлгийн өндгөн эсийн донор аж. Тэрбээр өмнө нь дөрвөн удаа ийм донор болж байжээ. Бүсгүй анх өндгөн эсийн донор болохдоо ээжтэйгээ хамт ирж байсан гэнэ. Харин энэ удаа тэрбээр ганцаараа ирсэн байжээ. Бүсгүй өндгөн эсийн донорыг буянтай ажил гэж боддог аж. Өндгөн эс нь хүүхэдгүй хүмүүст үр хүүхэдтэй болох боломж олгохоос гадна өөрт нь амьдралаа залгуулахад нэмэр болдог хэмээн бүсгүй ярьжээ. Өндгөн эсийн донор бүсгүй гэрийн үйлчлэгчээс гадна маникюр хийж мөнгө олдог боловч амь зуулгаа арайхийн залгуулдаг гэнэ. Бүсгүйн нөхөр таксины жолооч. Гэвч тэд бол эдийн засгийн доройтол, өрийн хямралаас болж, орлого нь багассан Испанийн олон мянган гэр бүлийн нэг. Тиймээс л бүсгүй өндгөн эсийн донор болохоор шийджээ. Өндгөн эсийг гаргаж авах процесс удаан үргэлжилдэг, маш хэцүү аж. Хэд хэдэн удаа тайвшруулах тариа хийж, мэс заслын аргаар өндгөн эсийг гаргаж авдаг байна. Испани бүсгүй нэг удаа хоёр өндгөн эс хандивлаж, 3000 евро авч байжээ.

Эмэгтэйчүүд өндгөн эсийн донор болсноор дээд тал нь 1,000 евро авдаг аж. Гэвч өндгөн эс гаргах процесс маш удаан үргэлжилдэг, зовиуртай бас эрсдэлтэй гэнэ. Эрчүүд ч мөн сперм донор болох нь олонтаа аж. Испани эрчүүд гурван сарын турш, долоо хоногт нэг удаа спермийн донор болдог байна. Харин спермийн донор эрчүүд нэг удаа сперт өгөхөд дээд тал нь 50 евро авдаг аж.

1,000 евро гэдэг бол Испанийн дундаж өрхөд амь зуулгаа залгуулахад багагүй мөнгө. Өндгөн эсийн донор испани бүсгүй тэр мөнгөө дараа хэрэглэхээр хадгалах юм уу, бүх өрөө дараад дуусгадаг гэнэ. Тэрбээр тав дахь удаагаа өндгөн эсийн донор болж байгаа нь энэ бөгөөд сүүлчийнх нь гэж ярьжээ. Эмч нар дээд тал нь зургаан удаа өндгөн эсийн донор болж болох бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй гэж зөвлөдөг. Мадридын төв эмнэлгийн эмч сүүлийн үед өндгөн эсийн донор болох гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнийг Испанид үйлдвэрүүд хаалгаа барьж буйгаар тайлбарлажээ. Испанийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны төвийн мэдээлснээр өнгөрсөн жил л гэхэд өндгөн эс, спермийн доноруудын тоо 30 хувиар нэмэгдсэн байна. Гэвч хямрал үүгээр зогсохгүй бөгөөд хүмүүс үсээ, тэр бүү хэл хөхнийхөө сүүг хүртэл зарах болсон гэнэ.

Н.ЭНХ

Эх сурвалж: ksdk.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж