Цацрагтай ажиллагсдын мэдлэгийг дээшлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Цацрагтай ажиллагсдын мэдлэгийг дээшлүүлжээ

Цөмийн энергийн газар, Оюутолгой ХХК-тай хамтран “Үйлдвэрт цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Үйлдвэрт цөмийн хэмжүүрийг технологийн үйл ажиллагааг хянах, удирдахад ашигладаг бөгөөд энэ ажлыг хийдэг ажилчдыг сургалтанд хамруулах хүсэлтийг аж ахуй нэгж байгууллагуудаас тавьсны дагуу сургалтыг явуулсан байна.

Сургалтад, Оюутолгой, Бороогоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Энержи ресурс, Апу, МCS зэрэг 13 байгууллагын 56 цацрагтай ажиллагчид хамрагдсан байна. Цөмийн энергийн холбогдолтой хууль, тогтоомж, байгууллагын дотоодын хяналт, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, цөмийн физикийн үндсэн ойлголтын талаар оролцогчдод мэдээлэл өгчээ. Мөн цацрагийн тун, тунгийн хязгаар, цацрагийн хамгаалалтын зарчим, аргууд, сэдвүүдээр ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын улсын ахлах байцаагчид хичээл заасан байна. Түүнчлэн цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, мэргэжлийн шарлагыг бууруулах, болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл зааснаас гадна цацрагийн хэмжилтийн багаж ашиглан хэмжилт хийх дадлага хийж цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлжээ. МУИС-ийн доктор Н.Норов Цөмийн хэмжүүрийн ажиллах зарчим, хэрэглээ болон цацрагийн үүсгүүрийн цацрагийн хамгаалалтын тооцоо сэдвээр хичээл заасан нь сургалтанд оролцогчдын сонирхолыг ихээр татсан байна.

Дашрамд дуулгахад, МУ-ын хэмжээнд 1200 гаруй цацрагтай ажиллагчид байдаг бөгөөд тэдгээрийн өртөж буй цацрагийн тунд Цөмийн болон цацрагийн хяналтын газраас хяналт тавьдаг байна.

Б.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж