
Хязаалан насны уралдаанд 234 хүлэг уралдсанаас Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МХУ-ын тод манлай уяач Ц.Батсайханы сартай хүрэн давхиж, гуравт Булган аймгийн Могод сумын уугуул Н.Базаргарьдын марзан халзан уралджээ. Харин их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Баясгалангийн суман хүрэн морь аман хүзүүдэж, гуравт Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаярын хар халзан давхижээ. Шүдлэнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Лувсанбалдангийн хээр магнайлж, Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Назаргарьдын хул аман хүзүүдэж, гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бямбацогтын шарга тус тус эхний гуравт давхижээ.
Э.САР