Өчигдрийн эхний тоглолт лигийн хоёр шинэ багийн хооронд болсон. МСБХ-ны дээд лигт шинээр хөл тавьсан ч чадварлаг тоглолт үзүүлж буй “Милл Хаус” компанийн “Ав-Атар” болон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн тоглолт 91:83 харьцаатай “Ав-Атар”-ын ялалтаар өндөрлөсөн юм. Тус тоглолтод АНУ-ын лигионер довтлогч Кларенс Жеффри 32 оноо авч багаа манлайлсан бол Өмнөд Солонгосын оюутны лигт хүч сорьж, багагүй туршлага хуримтлуулсан С.Өрнүүнбилэг 22 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “Офицерууд”-ыг С.Батбямба 20 оноогоор тэргүүлсэн байна.
Лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд хоёр дахь тоглолт болсон байгаа. Тоглолтын туршид “Хүлгүүд”-ийн О.Ууганбаяр 32 оноо, найман самбараар бусдыгаа манлайлж, баг нь үндсэн цагт 86:79 харьцаатай ялалт байгуулсан. Мөн аваргуудаас М.Отгонмөнх 17, Б.Мөнхболд 15 оноо авчээ. Харин ШУТИС-ийн багаас Ц.Ганболд 25 оноогоор багаа манлайлсан бол Д.Мөнхтөр багтаа 20 оноо авчирсан байна.
Харин сүүлийн тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз”-ын хооронд болж, үндсэн цагт 67:66 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөсөн. Ширүүн тэмцэл дунд өрнөсөн тус тоглолтод Б.Одбаяр 17 оноо, 15 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийснээр багаа тэргүүлсэн бол Ц.Мэргэн 16 оноо авчээ. Харин “Буллз”-ээс н.Билгүүн 14 оноо+10 самбар, Т.Санчир 12 оноо авсан байна.