Өнгөрөгч долоо хоногийн содон ярианууд

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч долоо хоногийн содон ярианууд

Нарны энергитэй ерөнхийлөгч… Өнгөрөгч долоо хоногт ерөнхийлөгч Барак Обама Сальвадор улсад айлчлах үеэр эртний маяачуудын мөргөл үйлдлийн ариун газарт зочлон очжээ. Ариун мөргөлийн газрын  индиан гаралтай  санваартан Тата Нето ерөнхийлөгч Обамад хандан залбирал үйлдэж:
“Галт уулс, уул ус, өнө эртнийн эмээ, өвөө нар минээ, та нарт хандан гуйн залбирч байна. Ерөнхийлөгч Обамаг чухал шийдвэрээ гаргах үед нь нарны илч илгээн нөмөргөж байгаач гэж гуйн хүсч байна” гэсэн аж.

Каддафи сайн хүн, гэвч… Триполи хотын нэгэн дүүрэгт гадаадын сэтгүүлчид 30 настай Али хэмээх ливи залуутай уулзаж ярилцжээ. Али сэтгүүлчдэд хандан:“Каддафи дарангуйлагч хүн огт биш ээ. Тэр бол арабын ертөнцийн хамгийн шилдэг удирдагчийн нэг нь. Гэвч  бүх мөнгөө Италид хадгалуулснаас болж одоо бидэнд юу ч үлдсэнгүй” гэжээ.

Улс төрийн гэр бүл… Ерөнхийлөгч Альваро Колом болон тэргүүн хатагтай Сандра Торрес нар удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гэр бүлийн баталгаагаа цуцлахаар шийдвэрлэж, шүүхэд хандан өргөдөл гаргаж, ерөнхийлөгч Колом үүнтэй холбогдуулан “Гэр бүл салах нь үнэхээрийн том гарз хохирол… Гэвч улс орны тогтвортой байдал, засаглал түүнээс чухал” гэж ярисныг дуулсан Гватемалын шилдэг компаниудын эзэд:
“Улс төрийн тэмүүллээ гэр бүлээсээ дээгүүр тавьж болдог юм байхна ээ” гэж  гайхацгаажээ.

Дива бүсгүйг бахархан магтсан нь… Италийн кино найруулагч Франко Зеффирелли жүжигчин Элизавет Тейлор 79 настайдаа таалал төгссөнтэй холбогдуулан:
“Үнэхээрийн мартагдашгүй гайхамшигтай дива бүсгүй байсан юм. Гоо үзэсгэлэнтэй, ухаалаг гээд л ер нь өөр түүнтэй эн зэрэгцэх бүсгүй төрөөгүй билээ. Түүнээс гадна өөрийн эрин үеэс чөлөөлөгдсөн эмэгтэй байсан бөгөөд 8 удаа хуримаа хийж,  7 нөхөртэй болж байсан юм” гэсэн аж.

Ер нь үйлчлүүлэгч нар дандаа л зөв юм гомдлон ярьж байдаг… Японоос хүнсний ногоо импортлон авчирч зардаг Манила хотын  нэгэн супермаркет дэлгүүрийн эзэн цөмийн цацраг идэвхт бодисын бохирдлоос айн эмээсэн худалдан авагчид  дэлгүүрээс нь хүнсний ногоо худалдан авах нь  эрс цөөрснийг ажиглан анзаараад: “Үйлчлүүгч нараа буруутгаж чадахгүй юм аа. Би өөрөө ч гэсэн ийм цаг үед японоос авчирсан хүнсний ногоо худалдан авахгүй л байсан” юм гэжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж