Өнгөрсөн бямба гарагт нийслэлийн удирдлагууд “Хот ба сэтгүүлч-3” арга хэмжээг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн 46 байгууллагынхан оролцсон их өргөн бүрэлдэхүүнтэй тэд нүүр тулж уулзсан юм. Хотын даргын хэлснээр нийслэл маань тун удахгүй их гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болох сурагтай. Маршалын гүүрийн хажууд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон 12 салбар худаг байдаг хэсэг дээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм гэсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд ундны усны эх үүсвэрээ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж мод, бут тарьж хамгаалдаг тогтолцоог дуурайсан юм билээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Б.Саранчимэг. Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэлийг одоо Өмнөд Солонгосын компани хийж байгаа аж. Ойролцоогоор бид 10 жилийн дараа цэлийсэн том цэцэрлэгт хүрээлэнтэй болох юм. Энэ жил гэхэд л хотоос тэрбум 450 сая төгрөгийг энэ ажилд зориулж төсөвлөсөн байна билээ. Гэтэл их мөнгө төсөвлүүлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх газарт одоо бол юу ч байхгүй. Барагцаагаар энэ жилийн төсөв нь хөрс хуулж, улаан шороо босгоход зориулагдах өндөр магадлалтай. Мэдээж тус газарт захирал, нарийн бичиг, ажилтан албан хаагч гээд ажлын байр хэрэгтэй болж таарна. Тэр хүмүүс цалин авч ажил хийнэ. Дээрээс нь ширээ, сандал гээд юм юм л хэрэгтэй болно. Тэгэхээр 10 жилийн дараа ашиглалтад орох нэг цэцэрлэгт хүрээлэнгийн төлөө нийслэлийн төсвөөс жил бүр тэрбумаар нь мөнгө “цацах” бололтой. Бас болоогүй ээ, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нэг буланд нь сэтгүүлчдийн төгөл бий болох юм шиг ярьсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Т.Баасансүрэн сэтгүүлчдийн төгөл бий болгоё гэж санал гаргасан юм. Сайхан л санаа. Гэвч үнэндээ бол 10 жилийн дараа биднийг бараг тэтгэвэрт гарч байхад шахам ашиглалтад орох цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлчдийн гэсэн хаягтай булан, тохой байсан ч яалаа, байгаагүй ч яалаа.
Б.ЭНХМӨХН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин