“Эх дэлхийн нэг цаг” хөдөлгөөн

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Эх дэлхийн нэг цаг” хөдөлгөөн

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн гамшгийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Эх дэлхийн нэг цаг” хэмээх дэлхий дахины санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн өнгөрөгч бямба гаригаас эхлэн олон улсын монументаль чухал цогцолборууд, сая сая өрх гэр нэг цагийн турш гэрлээ унтраан тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Энэхүү үйл явдлыг Номхон далайн Фижи арал, Шинэ Зеланд, Австрали улсаас эхлэн  Ази, Европ, Африк, Америк тивийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Олны танил том цогцолборуудаас Сиднейн Опер, 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулсан Бээжингийн “Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн” бүх гэрлээ унтраасан ажээ.

Цагийн эргэлтийн дагуу дараа нь гэрэл унтраах арга хэмжээг европ тивийнхэн үргэлжлүүлж, Афин хотын Акрополис, Парисын Дарь эхийн сүм, Лондон зэрэг хотууд түүхэн цогцолборуудынхаа гэрлийг нэг цагийн турш унтраажээ.
Еврод тивийн дараа Нью-Йоркийн Times Square, Бразилийн алдарт Аврагч Христийн хөшөөний гэрлүүд унтарсан аж.
Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч, агаар мандал нүүрс хүчлийн хийн бохирдолд өртсөн зэргээс үүдэн дэлхийн цаг уурт орж буй өөрлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор 2007 онд Австрали улсад байгаль хамгаалах WWF байгууллагын санаачлагаар бий болсон энэ хөдөлгөөнд эдүгээ 134 орны 3800 хот хамрагдаад байгаа юм.

Дэлхий дахины олон улс энэ хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэн том, жижиг гэлтгүй байгаль хамгаалахад чиглэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Хятадын хойд зүгийн   Далиан хот 340 сая мод тарихаар 1,5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн бол тус улсын зүүн өмнөд хэсэгт орших  Чэнду хот оршин суугчдад түрээслэхээр 60000 дугуйтай парк байгуулахаар төлөвлөжээ.
Сидней хотын усан буудлын гүүрийн бүх гэрлийг унтраасан бөгөөд зохион байгуулагчдын үзэж буйгаар Австрали улсын 10 орчим сая иргэд буюу бүх хүн амын тал хувь нь “Эх дэлхийн нэг цаг” санаачлагад дэмжлэг үзүүлж, арга хэмжээнүүдэд оролцсон байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж