”Хүн тэрэг”-нүүд цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

”Хүн тэрэг”-нүүд цөөрчээ

“За, хурдлаарай. Энд ажил олдлоо. Ачааг гялс тэргэндээ тавиад явъя”. 30 эргэм насны хоёр эр ийн ярилцана. Ачаа зөөлгөх хүн олдсон нь энэ. Таван ширхэг том хайрцаг, гурав, дөрвөн “гахай” зэргийг тэргэндээ тавьж байлаа. Хэдийгээр хөл нь муу ч тэр олдсон ажлаа алдахгүй хичээн хэдхэн метрийн цаана байрлах зочид буудал руу хүргэхээр “жирийлгэнэ”. Энэ хүн бол Улаанбаатар өртөөний үүдэнд амьжиргаагаа залгуулдаг “хүн тэрэг”-нүүдийн нэгээхэн хэсэг нь. Зорчигчдын ачааг тэргэндээ ачин зөөснийхөө төлөө 5000-10000 төгрөгийн хөлс авдаг гэх. Зарим нэг нь ачаагаа арай ядан олж байхад, “атаман” бололтой зарим нь нэгнийхээ урдуур орж түлхчихээд өөрийнхөө тэргэнд ачаад явах. Заримд нь ачаагаа зөөлгөдөг тусгай хүн ч байдаг ажээ. Чухам хэдэн хүн энд ингэж “жирийлгэж” буйг хэн ч үл мэднэ.

Яг үүнтэй адилхан хувь заяаг эдлэх “хүн тэрэг”-нүүд зөвхөн Улаанбаатарт л байдаг уу гэвэл эндүүрэл. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажил амьдралаа энэ маягаар залгуулдаг хүн цөөнгүй. Тэдэн шиг өдөр болгон төмөр зам даган, галт тэрэг тосон гүйлдэх хүмүүс Замын-Үүдэд бий.

Улаанбаатар өртөөний урд байр­ладаг эдгээр хүмүүс Замын-Үүдээс нэг л зүйлээрээ ялгарна. Тэдэнд найз нөхөд гэж чухам байдаггүй ажээ. Учир нь тэд нэг хүнээр ч болтугай бусдаасаа илүү гарч, олдог хэдэн цаасаа нэмэх чин хүсэлтэй. Тэнд тэрэг түрээд тав, зургаан жил болж байгаа хүмүүс дийлэнхийг нь эзлэдэг учраас шинэ хүмүүс бараг орж ирж чаддаггүй гэнэ.  Хэдийгээр тэрэг түрэхээр хүмүүс ирдэг ч тэнд удаад байх нь үгүй. “Би энд таван жил болж байна. Үүнээс өөрөөр амьдралаа залгуулчихаар ажил олдохгүй болохоор үүнийг хийж байгаа юм. Ихэнх нь энд удаж байгаа учраас шинэ хүмүүс бараг байдаггүй. Хэдэн сарын өмнө хоёр, гурван залуу ирсэн ч бид нийлээд тэднийг хяхаж, хавчсаар байгаад явуулчихсан. Зарим нэг нь бүр нийлээд зодож байгаа харагддаг юм” гэж өөрийгөө Н.Уугий гэж танилцуулсан хижээл насны нэгэн эр хуучиллаа.

Зарим тэрэг түрдэг хүмүүс галт тэрэгний үйлчлэгч, Улаанбаатар өр­төөнд ажилладаг хүмүүсийг таньдаг ажээ. Бүр зарим нь тэрэг түрэгчдийг нэрээр нь дуудаад ачаа олж өгч байгаа харагдав. Сүүлийн хэдэн жилд тэдний орлого эрс мууджээ. Учир нь ихэнх хүмүүсийн тээш нь түрж явахад амар байдгаар барахгүй, зарим нь өөрсдөө өргөөд, хэдхэн алхмын цаана гаргахыг илүүд үздэг болсон гэх. “Нэлээд хэдэн жилийн өмнө бол зөөлгөөд гаргачихдаг байсан байх. Харин одоо бол өөрөө өргөөд хэдхэн алхам явахыг илүүд үздэг болсон” гэж зорчигч Г.Батаа ярьж байлаа. Үүнийг дагаад “хүн тэрэг”-нүүд ч цөөрсөн гэнэ. Одоогоос таван жилийн өмнө нэлээд хэдэн “хүн тэрэг”-нүүд байсан бол одоо 10 хүрэхгүй шахам ийм хүмүүс байгааг “мэргэжилт нэгтнүүд” нь дуулгав. Тэдний амьдрал дээрдээд байгаа болохоор цөөрөөд байна уу гэвэл үгүй. Тэрэг түрж байсан хүмүүсийн зарим нь “архичин” болсон бол зарим нь өөр газар руу нутаг сэлгэжээ. Угтаа үүнийг Улаанбаатар өртөөгөөс тодруулах гэсэн боловч тоймтой хариу хэлэх хүн байсангүй. 

Ачаа зөөгөөд ар гэртээ зориулдаг хүмүүс байхад, олсон хэдээрээ сархад хүр­тэх нэгэн ч байна. Вокзал орчмын ойролцоо архи уудаг нэлээд хэдэн хүмүүс байдаг бөгөөд тэрэг түрдэг хоёр, гурван хүн олсон хэдээ “тэдэнд” зориулдаг аж. Үүнээс болоод зарим хү­мүүс тэднээс их цэрвэдэг ажээ. Уур­тай зарим нь бүр цохиод авдаг ч гэх. Гэхдээ “хүн тэрэг”-нүүдийн ихэнх нь амьдралдаа хүргэх цөөн хэдэн төг­рөг олох зорилготой гэдгийг санах хэрэгтэй.

Сүүлийн хэдэн өдөр нэг өнжөөд бороо ороод байгаа болохоор ихэнх “хүн тэрэг”-нүүд татарчээ. Гэхдээ идэвхтэй хэд нь үлдчихэж. Угтаа хүн цөөнтэй дээр “мөнгө хийх” хамгийн боломжтой болохоор тэр. “Хүн тэрэг”-нүүдийн амьдрал хэзээ дээшилж, тэд хэзээ ийм ажил хийхээ болихыг харин хэн ч үл мэднэ.

Б.БОЛОРСҮХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж