Москва булаан эзлэх ажиллагааг эсэргүүцнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Москва булаан эзлэх ажиллагааг эсэргүүцнэ

НАТО-д суугаа ОХУ-ын элчин сайд Дмитрий Рогозин гадаадын цэргийн хүчнээс Ливи улсад хуурай газрын цэргийн аливаа үйл ажиллагаа явуулах аваас түүнийг “булаан эзлэлт” гэж үзэх болно гэж анхааруулсан байна.
Рогозин “Цэргийн хүчин Ливи улсын эсрэг хуурай газарт цэргийн үйл ажиллагаа явуулах юм бол түүнийг Ливи улсыг булаан эзэлж байгаа хэрэг гэж үзэх бөгөөд ийм үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын заалтыг зөрчиж байгаа хэрэг юм” гэж RIA Novosti агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
ОХУ-ын Элчин сайд ирэх мягмар гаригт хийх НАТО, ОХУ-ын зөвлөлийн  уулзалтын тухай дурдаад энэ үеэр НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс мөргөлдөөнд оролцож буй орнуудад тавьсан үйл ажиллагааны зах хязгаарын шугамын талаар нотлон ярилцах болно гэж мэдэгджээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан Ливийн байдалтай холбогдуулан 1973 дугаар тогтоолын төслийг хэлэлцэн батлахад ОХУ зэрэг 5 орон түдгэлзэж, тогтоолын төслийг баталсан бөгөөд уг тогтоолд Каддафийн зэвсэгт хүчний дайралтаас жирийн ард иргэдийг хамгаалахын тулд  “шаардлагатай бүх арга хэмжээг” авна гэсэн заалт орсон ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж